XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Тухайлбал, Сар шинийн баярын хугацаанд гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, аврах, гал унтраах хүч хэрэгслийн 24 цагийн жижүүрлэлтийг зохион байгуулах, пийшин, зуух, яндан, цахилгаан халаагуур, ахуйн хийн хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянд:
Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, аваарын бригад, сэлбэг тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах, баярын өдрүүдэд төлөвлөгөөт засвар, хязгаарлалт хийхийг хориглохыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд:
Орон сууцны дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээний осол, саатлаас урьдчилан сэргийлэх, сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран дуудлага, шуурхай засварын тогтолцоог бүрэн ажиллуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт: