Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Ядуурлын индекс зарлах хугацаа яагаад хойшлов

Ядуурлын индекс зарлах хугацаа яагаад хойшлов
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 12
Монгол Улсын ядуурлын түвшинг Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран боловсруулж, хоёр жил тутамд нэг удаа олон нийтэд танилцуулдаг билээ. Сүүлд 2022 оны үр дүнг хоёр жилийн өмнө танилцуулж байв. Тус үзүүлэлтээр Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг зарласан. Ядуурлын шугам 418 мянга 90 төгрөг гэж тооцсөн бөгөөд 914.2 хүн энэхүү шугамаас доогуур хэрэглээтэй, ядууралд өртсөн гэсэн үр дүн гарсан. Шугамаас дээгүүр гэж тооцсон насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь доогуур хэрэглээтэй насан хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байсан. Бүс нутгаар нь авч үзвэл баруун бүсэд ядуурал хамгийн их байсан бол ядууралд өртсөн таван хүн тутмын хоёр нь нийслэл хотод амьдардаг. Энэхүү шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтай гэсэн дүн гарч байлаа.
Гэвч энэхүү үзүүлэлт гарсанаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч шинэчилсэн дүн өнөөдрийг хүртэл албан ёсоор зарлагдаагүй байна. Ядуурлын индекс бол зүгээр нэг тоо, хувь хэмжээ бус ядуурал юунаас болж нэмэгдэж байгаа вэ, төрийн бодлого хаашаа чиглэх ёстой вэ гэхчлэн чухал мэдээллийг давхар харуулдаг. Түүнчлэн төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийг хэмжих үзүүлэлт болдог.  Тэгвэл хоёр жил тутам танилцуулах ёстой ядуурлын индекс яагаад одоог хүртэл танилцуулахгүй байгаа, яагаад удаж байна вэ гэдэгт хариулт хайлаа.
Энэ талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундралаас тодруулахад, "Ядуурлын индексийг гаргахдаа тухайн нэг оны бүтэн статистикийг цуглуулж дүн шинжилгээ хийж, хянуулдаг. Тодруулбал, 2024 оны тооцооллыг энэ онд танилцуулна гэсэн үг. ҮСХ-ноос өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаа цуглуулан шалгаж, баталгаажуулсан. Энэхүү мэдээллийн баазыг, нээлттэй задгай өгөгдлөөр ил байршуулсан байгаа. Одоогоор тооцооллын үр дүнг дотооддоо болон арга зүйн байнгын зөвлөл гэх хөндлөнгийн зөвлөлөөр баталгаажуулах ажил хийгдэж байна. Дэлхийн банк дээр мөн энэхүү баталгаажуулах ажил явж байна. Хоёр талаасаа ярилцаад  зургадугаар сарын сүүлээр ядуурлын индексээ олон нийтэд зарлах төлөвлөгөөтэй байна.
Сүүлийн хэдэн жил ядуурлын индекс гарах хугацаа хойшилж байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Дэлхийн банк ядуурлын статистикийн арга зүйн зөвлөмжөө 2022 онд шинэчилсэн. Энэхүү шинэчилсэн аргачлалын дагуу өнгөрсөн болон энэ удаагийн тооцооллоо хийж байна. Шинэ аргачлалыг нэвтрүүлсэнээр олон техник технологи нэвтэрч, тооцоллын процесс, үнэлгээ нь илүү сайжирч байна. Гэхдээ үүнийг дагаад процессын ажиллагаа их болсон. Энэ хэрээр тооцоолол илүү дэлгэрэнгүй болж сайжирна. Хоёрдугаарт, ядуурлын түвшин гаргахдаа 2010 оны суурь тоог ашигладаг байсан бол 2022 онд шугамаа шинэчилсэн. Суурь тоо, хэрэглээний сагсны шинэчлэл зэрэг нь харьцангуй нарийн тооцоолол шаарддаг тул хугацаа орж байна гэлээ.
 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн