Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Гашуунсухайт боомт орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон болон хилийн бүсэд хууль зөрчиж газар олгосон асуудлыг хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Нийт гурван багц асуудалтай холбоотойгоор шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Хилийн зурвасыг давхардуулан хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай.
Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн хороо 8 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолоор Боомтын хөгжлийн корпорац ТӨХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Тулгат өөрөө өөртөө даалгасан байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо дараа нь 9 тоот тогтоол гаргаж дээр дурдсан хилийн зурваст газар олгох асуудлыг судалж, солбилцлыг тогтоох асуудлыг Засгийн газарт танилцуулах асуудлыг мөн С.Тулгат сайд өөрөө өөртөө даалгасан. 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан.