Засгийн газраас стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ талаар М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас тодрууллаа.
Тэрээр "Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь буюу 50+1 хувийг Монголын ард иргэдэд тэгш хүртээмжтэй хувааж өгөх үндсэн санааг дэмжиж байгаа. Үндэсний уул уурхайн компаниуд Үндсэн хуульд заасан байгалийн хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард иргэдэд очих ёстой гэсэн санааг дэмжиж байгаа. Засгийн газрын талаас өгөөжийг 60 хувь болгомоор байна гэх саналыг бид хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.
Баялгийн сан арвижиж байж Үндсэн хуулийн заалт биелнэ, ард иргэдэд байгалийн баялгийн өгөөж ахиухан очно. Энэ утгаараа 2008 онд Тавантолгой стратегийн орд учраас 96 хувиа төрд өгч байлаа. Үлдсэн дөрвөн хувь буюу Ухаа худагийн орд дээр хөрөнгө оруулалт хийгээд өнөөдрийг хүртэл 3.2 их наяд төгрөг улсын төсөвт төлсөн. Хэдий өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчдад ашиг ногдоогүй явж байгаа ч төр засгийн Баялгийн санг арвижуулах бодлогыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа.
Нүүрсний үнэ өсөөд байвал төрд нэмж төлбөр өгнө. Жил бүр АМНАТ төлдөг. Энэ бол байгалийн хэвлийн баялгийг ашиласныхаа төлөө төрд төлдөг татвар. Үүнийг ахиулан төлж, түүнийгээ Баялгийн сангаар дамжуулж Хуримтлалын санд төвлөрөөд уул уурхайн баялгийн өгөөжийг ард иргэдэд илүү хүртээмжтэй олгох шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ 2023, 2024 он шиг өсөлттэй байвал бид илүү АМНАТ төлнө.