Боловсролын салбарын ажилтнуудын зохион байгуулсан тэмцлийн үр дүнд цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор уг нэмэгдлийг хамтын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч сүүлийн үед ажилтнуудад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл бүрэн олгогдохгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Энэхүү асуудлын хүрээнд бодит нөхцөл байдал ямар байгаа талаар 31 дүгээр сургуулийн багш нараас тодрууллаа.Цалин хүрэлцэхгүй болохоор олон төрлийн аппликэйшны зээл авч, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөгБоловсролын салбарт хоёр дахь жилдээ ажиллаж байгаа 31-р сургуулийн Дуу хөгжмийн багш С.Пүрэвдорж: Багш нарын цалингийн асуудал үнэхээр хүнд байна. Өнгөрсөн аравдугаар сард бид ажил хаялт хийж, Засгийн газар болон Боловсролын яамтай хэлэлцээр хийсэн. Тэр үеэр цалинг 50 хувиар нэмнэ гэж амласан ч бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Арванхоёрдугаар сарын цалинтай нэгдүгээр сарын цалинг харьцуулж тооцоод үзэхэд ердөө 105 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байсан. Арванхоёрдугаар сард хоол, унааны мөнгө нэмэгдэж орсон байсан бол нэгдүгээр сард тэр мөнгийг нь танасан. Бусад багш нараас сонсоход кабинет, зэрэг, бусад нэмэгдлүүд ч мөн хасагдсан байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадварын үнэлгээ гэх мэт нэмэгдлүүд нэгдүгээр сарын цалинд огт тусгагдаагүй. Энэ бүхэн Монголын багш нарын холбоо болон нийт багш нарын хувьд үнэхээр харамсалтай зүйл болж байна.