АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл” анхны хурлаа хоёрдугаар сарын 19-нд хийхээр товложээ. Хурлаар Газын зурваст хэрэгжиж буй гал зогсоох хэлэлцээрийн дараагийн шат, мөн сүйдсэн бүс нутгийг сэргээн босгох санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх аж.
Трамп уг зөвлөлийн төлөвлөгөөг өнгөрсөн сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан. Анхны гишүүдийн бүрэлдэхүүнд Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет, Катар, Бахрейн, Пакистан, Турк, Унгар, Марокко, Косово, Албани, Болгар, Аргентин, Парагвай, Казахстан, Монгол, Узбекистан, Индонез, Вьетнам улсууд багтжээ.
Гэвч АНУ-ын ойрын олон холбоотон тус зөвлөлд нэгдэхээс татгалзсан байна. Учир нь энэ бүтэц НҮБ-ын үүргийг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол, мөн эхний нэг жилийн дотор 1 тэрбум ам.долларын бэлэн мөнгө хандивласан улсуудад байнгын гишүүнчлэл олгоно гэсэн мэдээлэл гарсантай холбоотой юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энхийн зөвлөл”-д 1 тэрбум ам.доллар хандивлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч Байдены засаг захиргааны үед АНУ-д царцаагдсан Оросын хөрөнгийг чөлөөлөх шаардлагатай гэж мэдэгджээ.
Зөвлөлийг Ерөнхийлөгч Трамп өөрөө даргалах бөгөөд түүний хүргэн Жаред Кушнер, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар “Гүйцэтгэх зөвлөл”-д багтах юм. Мөн Трампын Ойрх Дорнодын тусгай элч Стив Уиткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Дэлхийн банкны группын ерөнхийлөгч Ажай Банга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Габриэл, АНУ-ын томоохон хувийн хөрөнгө оруулалтын компани болох Apollo Global Management-ийн гүйцэтгэх захирал Марк Роуэн нар оролцоно.
Axios сайтад мэдээлснээр, зөвлөлийн анхны хурал Газын зурвасыг сэргээн босгох санхүүжилтэд голлон анхаарна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Энхийн зөвлөл”-д Газад хэрэгжиж буй гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах, засаглал болон сэргээн босголтын асуудлаар ажиллах эрх олгосон байна. Гэвч Газад тогтоосон гал зогсоох хэлэлцээр улам тогтворгүй болж байгаа үед энэ хурал болох гэж байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 4-нд Израилийн цохилтын улмаас Газад дор хаяж 24 палестин хүн, тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгджээ. Израил үүнийг өөрийн цэргүүдийн нэгийг хүнд шархдуулсан зэвсэгт халдлагад хариу өгсөн үйлдэл гэж тайлбарласан байна.
Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Трампын зуучилж, Турк, Катар, Египетийн оролцоотойгоор байгуулсан гал зогсоох хэлэлцээр 2025 оны аравдугаар сарын 10-нд хэрэгжиж эхэлснээс хойш Израилын цохилтоор 550 гаруй палестин хүн амиа алджээ. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ХАМАС зэвсгээ бүрэн хураалгах хүртэл Израилын цэргүүд Газын зурвасаас бүрэн гарахгүй гэж мэдэгдсэн байна.
Нетаньяху Трамптай уулзана
Израилын албаны эх сурвалжуудын мэдээлснээр, Нетаньяху хоёрдугаар сарын 18-нд Цагаан ордонд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд “Энхийн зөвлөл”-ийн анхны хурлаас нэг өдрийн өмнө таарч байна. Гэхдээ уг уулзалтын гол сэдэв Иран байх болно гэж тэд онцолжээ.
Анхны хуралд зөвлөлийн аль гишүүд оролцох нь тодорхойгүй байгаа ч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан бямба гарагт тус улсын Сомбатхей хотод болсон сонгуулийн кампанит арга хэмжээний үеэр өөрөө оролцоно гэдгээ мэдэгджээ.
Энэ бүхэн Трамп Европын холбоотнуудтайгаа харилцаа нь тодорхойгүй болсон цаг үед болж байна. Тэрээр сүүлийн саруудад Гренландыг өөртөө нэгтгэнэ гэж сүрдүүлсэн нь Европын орнуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Харин Орбан Трампын Европ дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг хэвээр байна. Унгарыг 14 жил удирдаж буй Орбан Трамптай адил хатуу цагаачлалын эсрэг байр суурь баримталдгаараа алдартай.