Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ерөнхий сайд Цагаан сарын өмнө ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн дансанд сая төгрөгийн бичилт хийж бэлэг барих уу

Ерөнхий сайд Цагаан сарын өмнө ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн дансанд сая төгрөгийн бичилт хийж бэлэг барих уу
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 9
Ерөнхий сайд Г.Занданшатар Цагаан сарын өмнө Баялгийн сангийн үр өгөөжийг ард иргэддээ хүртээх шийдлээ танилцуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлсэн.
Тэрээр "Бид стратегийн орд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар тун удахгүй Монголын ард түмэндээ сайн мэдээг дуулгана. Байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэж чадаагүй 20-иод жилийн ажилд үр дүн гаргаад ард иргэддээ шийдлээ зарлана" гэсэн юм.
Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд Монгол Улсын иргэн бүрд 175 мянган төгрөг хуримтлагдсан. Тэгвэл 2030 он гэхэд энэ мөнгийг хэрхэн 10 сая төгрөг болгох вэ гэдэг эдийн засгийн тооцоо судалгааг "Эрдэнэс Монгол" компаниас хийжээ. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал хоёрдугаар сарын 4-нд болж тус судалгаа, тооцооллоо "Эрдэнэс Монгол" компани танилцуулсан байна. Энэ үеэр иргэдэд мөнгө тараах асуудал огт яригдаагүй ч Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш нь буюу хоёрдугаар сарын 5-нд Төв аймгийн иргэдтэй уулзах үеэрээ "Ахмадын тэтгэврийг нэмэхээс гадна хоёр дахь том бэлэг бол 1 сая төгрөгийн дүнтэй өвлөгддөг, хуримтлалын данс нээж өгөхөөр болсон. Үүнийг нь Баялгийн сангаас мөнгөжүүлнэ" хэмээн хэлсэн юм. Үүнээс харахад Ерөнхий сайд Г.Занданшатар энэ 7 хоногт ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн дансанд нэг сая төгрөгийн бичилт хийхээ зарлах бололтой. Энэ нь нэг сая төгрөгийг бэлнээр тараахгүй, нэрийн дансанд байгаа 175 мянган төгрөг 1175000 төгрөг болон харагдах юм. Хуульд зааснаар иргэд 2030 оноос хуримтлалын данс дахь мөнгөө эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах боломжтой болно.
Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрсөн талаар Засгийн газраас мэдээлж байгаа. 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан.
undefined
Засгийн газар стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж 34-51 хувийг төрд авна гэсэн байр суурьтай байгаа ч өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван аж ахуйн нэгжтэй л хэлэлцээр хийж дууссан. Өөрөөр хэлбэл, үүсмэл бус бусад стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа. Тиймээс Эрдэнэтийн үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван аж ахуйн нэгжийн ашгаас ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх бололтой.
Нөгөөтэйгүүр нэг сая төгрөгийг бэлнээр тараах боломж өнөөдрийн манай улсын эдийн засагт байхгүй. 2025 оны сүүлээр төсвийн орлого тасарч, цалин, тэтгэврээс өөр гүйлгээг хийхээ больсон. Тэгвэл энэ нөхцөл байдал өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд улсын төсвөөс цалин, тэтгэврээс өөр санхүүжилт гаргахгүй байгаа. Тиймээс Цагаан сарын өмнө Ерөнхий сайдын ахмадуудад барих бэлэг нь Баялгийн сан дахь нэрийн дансанд нь сая төгрөгийн бичилт хийх бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн