Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарлажээ. Тус салбар нь улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувь, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг стратегийн ач холбогдолтой тул хууль, эрхзүйн орчныг шинэчлэх шаардлагатайг онцолсон юм. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай хуулийг шинээр батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг аль хэдийн батлуулаад байна.
Маргаашнаас эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран уул уурхайн холбоодтой хамтран улс даяар 21 аймагт Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд газрын тос, ашигт малтмал, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох бүх оролцогч талуудыг хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа гол шалтгаан нь хууль тогтоомж батлагдах өөрийн гэсэн үе шат, процесс байдагтай холбоотой. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын эдийн засагтай салшгүй уялдсан маш чухал хууль юм. Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах үед иргэдийн зүгээс эсэргүүцэл, үл ойлголцол гарах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс өмнө нь мөрдөгдөж ирсэн Ашигт малтмалын тухай хуульд яагаад өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага үүссэн талаар мэргэжлийн хүмүүс тал бүрээс нь тайлбарлаж, ойлгуулж, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах зорилго тавьж байна.