“АПУ” компани бол шингэн хүнс тэр дундаа архи, пивоны үйлдвэрлэлээр 100 гаруй жилийн түүхтэй Монголын ууган үйлдвэрийн нэг. Энд хүмүүсийн сайн мэдэх Тэрэлж, Сэлэнгэ хийжүүлсэн ундаа, Хонин нуга бяслаг, Монголын премиум зэрэглэлийн “Эден” архи, сүүн шимээс гарган авсан “Шигүдэри” брэндийг нэрлэж болно. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүн хэрхэн бий болж, ямар шат дамжлагаар таны гарт хүрдгийг энэхүү сурвалжилгаараа хүргэе.
1924 онд үүсгэн байгуулагдсан АПУ ХК өдгөө 2600 гаруй ажилтантай. Архи, пиво, сүү, сүүн бүтээгдэхүүн, ус ундаа, шар айраг гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон үндэсний үйлдвэрлэгч болтлоо өргөжжээ. Тус компани шинэ санаачилга, бүтээх тэмүүллээр, урлаж буй бүхэндээ үргэлж сэтгэлээ шингээнэ гэсэн эрхэм зорилготой ажилладаг гэдгийг АПУ ХК-ийн Байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл онцлов.
Үндэсний ууган үйлдвэртэй танилцах аялал маань компанийн түүх, баримталж буй үзэл, цаашдыг зорилгын танилцуулгаар ийнхүү эхэлсэн юм. Сэлэнгийн Зүүн хараа дахь үйлдвэрт бэлтгэдэг “Хонин нуга” монгол бяслаг, нийт иргэдийн сүүний хэрэглээг дэмжих зорилготой гаргасан D амин дэмтэй “Сайн” сүү зэрэг АПУ-гийн сүүлийн үед гаргасан бүтээгдэхүүнүүд ихээхэн онцлогтой аж. Эдгээрээс хамгийн сонирхол татам шийдэл Монголын хамгийн анхны шимийн архи болон шинэчлэгдэн “Шигүдэри” байлаа.
АПУ ХК-ийн 2023 онд гаргасан “Шигүдэри” Монголын уламжлалт сүүн шимээс гаргаж авсан архи юм. Дэлхийн улс орон бүр өөрийн гэсэн уламжлалт идээ ундаатай байдаг бөгөөд Японы саке, Мексикийн текила, Солонгосын сөжү зэрэг нь тухайн орны соёл, амьдралын хэв маягийг илэрхийлдэг. “Шигүдэри” бол хуучин монгол бичгээр шүүдэр гэсэн утгатай бөгөөд шимийн архи гарган авах уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэд технолиготой хослуулан гаргасан Монголыг төлөөлөх амт. Энэ нь бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан исгэж нэрсэн дусал ч хэрэглээний ус ороогүй. Хугацаа уртасгах болон амт үнэр орлуулах нэмэлт бодис агуулаагүй 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог” хэмээн АПУ ХК-ийн Хатуулаг өндөртэй брэнд маркетингийн албаны дарга А.Ууганбилэг онцлов.

Тэд байгуулагдсанаасаа хойш монгол хүний ур ухаанаар бүтсэн чанартай брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийд гаргахын төлөө зорьж, өдгөө АПУ ХК нь ОХУ, БНХАУ, БНСУ Франц, Итали, Герман зэрэг улсад экспортоор бүтээгдэхүүнээ гаргаж байна. Туршилтаар гэхэд Сингапур, Япон, Болгар, Ирак улсад борлуулалт хийжээ.
Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд 66 шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлжээ. Энэ онд гэхэд Монголын премиум зэрэглэлийн “Эден” брэндийнхээ 10 жилийг ойг тохиолдуулан Францын Парис хотод төвтэй “Appartment 103” агентлагтай хамтран өөрийн онцгой дизайныг модерн минималист хэв маягтай болгон шинэчилжээ. Мөн спиртийн агууламж буюу архины градусыг бууруулж 33 градус болгосон байна.
Танилцуулгаар эхэлсэн аялал маань жинхэнэ бүтээгдэхүүн бий болдог үйлдвэрлэлийн хэсэгт үргэлжиллээ. Уг хэсэгт улаанбуудайн исгэлэн үнэр ханхийхээс гадна шат дамжлагын онцлогоос шалтгаалсан халуун хүйтэн өрөө биднийг угтав. Үйлдвэр доторх процесс нь тогтсон нарийн механизмаар ажиллах аж. Архины хэсэг гэхэд спирт татах, ус татах найрлага хийх гэхчлэн шат дараатай үргэлжилж, тусгай шүүлтүүрүүдэд шүүгдэн технологийн хэсэгт ирнэ. Энэ л хэсэгт тус үйлдвэрийн бүх архи шүүгдэж, бэлтгэгдэж байлаа.
АПУ ХК-ийн Архины үйлдвэрийн дарга Ш.Нансалмаа: Олон шүүлтүүрээр шүүгээд савлаад байгаа нь хоруу чанарыг бууруулах зорилготой. Хүний нэр өөр байдаг шиг архи бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Орц, найрлага бүр нь өөр биеэ даасан бүтээгдэхүүн юм. Манай технологийн хэсэгт мэргэшсэн 12 оператор ажилладаг. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүн хэдэн градусын чанартай байх вэ гэдэг стандартай барихын тулд дотоод хяналтын лабораторитой. Тогтсон технологио барьж чадаж байгаа үйлдвэрийн архи л хамгийн сайн архи. Бүх л үйлдвэр тогтсон процессын дагуу ажиллаж чанартай сайн бүтээгдэхүүн гарах ёстой.
АПУ ХК шингэн хүнс тэр дундаа согтууруулах ундааны бизнес эрхэлж буй ч хяналтгүй хэрэглээнээс зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгч гэдэг утгаараа тогтвортой хөгжлийг дэмжсэн олон ажлыг хийж буйгаа энэ үеэр дурдав.
Тухайлбал, нийслэл хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буууруулах, Туул голын усны чанарыг хамгаалах, улмаар байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалахад нэн чухал үүрэг гүйцэтгэх зорилготой “Үйлдвэрийн хог хаягдал ус цэвэрлэх байгууламжийн төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ компанийн үндсэн үйлдвэрүүд болох Төв АПУ үйлдвэр, “АПУ Дэйри” ХХК, “Натур Агро” спиртийн үйлдвэр, “М-Би-Си Азиа Пасифик” ХХК-ийн хаягдал усыг дахин боловсруулан ашиглах олон улсын жишигт нийцсэн цэвэрлэх байгууламжийг байгуулж байна. Уг төсөл нийтдээ 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд хоногт 2800 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн стандарт, дэвшилтэд технологийг ашиглахаар төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд төвлөрсөн хаягдал ус цэвэрлэх концепцын дагуу ажиллаж байгаа бөгөөд дараа дараагийн төслүүддээ ч бие даасан цэвэрлэх байгууламжийг барих бодлого баримталж байгаа аж.