Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажиллаж эхэлсэн. Өнөөдөр Төрийн ордонд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” өндөр түвшний хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн чухал мөчид хүрч ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний тармал эх үүсвэрийг өрхийн болон орон нутгийн хэмжээнд нэмэгдүүлэх тогтоолыг баталж, парламент өөрөө манлайлал үзүүлсэн нь улс орны урт хугацааны хөгжилд чухал хувь нэмэртэй хэмээн НҮБ-ын төлөөлөл дүгнэв. УИХ-ын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ногоон дэд бүтэц, эдийн засгийг хөгжүүлэх замаар эрчим хүчний хамаарлаас иргэдээ чөлөөлөх багц ажлууд багтсан.
Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүлснээ тодотгоод иргэдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрсэн байгальд ээлтэй, шинэ технологийг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Чөлөөлье” санаачилгаараа айл, өрх нарны хавтан суурилуулахад 14-15 шат дамжлагаар, 6 сараас нэг жил хүртэл хүлээлгэдэг байсан хүнд суртлыг арилгажээ. Одоо өрхийн хэрэглээнд нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбоход ажлын 11 өдрийн дотор шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Түүнчлэн УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрчим хүчний яам нь “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг ажлыг эрчимжүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэвтрүүлэхээр төлөвлөлтөд багтсан аймаг, орон нутгийн төлөөлөлтэй хамтран ажиллах баримт бичгийг талууд зурж, хэлэлцүүлгийн үеэр баталгаажууллаа.