Дэлхийн өнцөг булан бүрд орших ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь байгалийн түүх, хүн төрөлхтний соёлын өв, шинжлэх ухааны гайхамшигт ололт, орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, зан заншил зэрэг олон хүчин зүйлийн огтлолцлоор бүтсэн өвөрмөц загвар юм. Эдгээр газар нутгууд нь зөвхөн геологийн үзэсгэлэнт, ховор тогтоц төдийгүй дэлхий ертөнцийн үүсэл хөгжил, хувьслын түүх, хүний оролцоог илтгэх байгалийн бодит лаборатори болон музейн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн тэдгээр нь орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль ба хүний харилцааг уялдуулах нэгдсэн систем болжээ.
Манай урд хөрш Хятад улс геопаркийн тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын 20 хувийг дангаараа эзэлдэг. Жишээлбэл, тус улсын Занжиажэ ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк нь тэнгэрт тэмүүлсэн шохойн чулуун баганууд, манан дунд хөвөх мэт сүрлэг уулсаараа дэлхийд танигдсан билээ. Мөн тус нутагт алдарт “Аватар” киноны зураг авалтыг хийснээр нэр хүндийг нь улам өргөсөн юм. Эндхийн геологийн тогтоц нь 300 сая жилийн өмнөх тектоникийн хөдөлгөөний улмаас үүссэн бөгөөд өнөөдөр жуулчид, судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг. Харин Юнтайшань ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк нь галт уулын гаралтай хавцал, сүрлэг хүрхрээ, эртний хадан тогтцоороо онцлог. Байгалийн гоо үзэсгэлэн, шинжлэх ухааны үнэ цэн, түүх, соёлын өвийг хослуулсан энэхүү гайхамшигт газар нь ЮНЕСКО-д бүртгэлтэй Хятадын Дэлхийн геопаркуудын хамгийн тод жишээний нэг юм.

БНХАУ – Занжиаже геопарк, Гэрэл зургийг: Getty images on www.unsplash.com
Тэрчлэн манай хойд хөршийн цорын ганц ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк Янган-Тау бол байгаль дэлхийн гайхамшгийг тээсэн онцгой газар юм. Башкортостаны уужим талд орших энэ нутагт газрын гүнээс халуун уур оргилон гарч, уулын бэлд манан татуулан бургилдаг нь ер бусын үзэгдэл билээ. Энэ бол эртний галт уулын идэвхжил, геотермаль процессын үр дүн бөгөөд орон нутгийн иргэдийн амьдрал, уламжлал, итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой. Янган-Тау нь ОХУ-аас анх удаа Дэлхийн геопаркуудын сүлжээнд албан ёсоор бүртгэгдсэн газар бөгөөд энэхүү амжилтад хүрэхийн тулд эрдэмтэн судлаачид, нутгийн удирдлага, олон нийт хамтдаа 7 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн түүхтэй. Өнөөдөр Янган-Тау бол шинжлэх ухааны ололт амжилт, соёлын амьд өвийн нэгдлийг агуулснаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан бахдам жишээ болж чаджээ.