Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Э.Билгүүн: Семаглутидыг (Ozempic) чихрийн шижингүй хүмүүс турах зорилгоор хэрэглэх нь эрсдэлтэй

Э.Билгүүн: Семаглутидыг (Ozempic) чихрийн шижингүй хүмүүс турах зорилгоор хэрэглэх нь эрсдэлтэй
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 9
Сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний тархалт манай улс болоод дэлхий даяар нэмэгдэж, амьдралын хэв маягтай шууд холбоотойгоор нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болоод байна. Чихрийн шижингийн өнөөгийн тархалт, эрсдэлт хүчин зүйлс, эмчилгээний шинэ чиг хандлага болон урьдчилан сэргийлэх арга замын талаар “Интермед” эмнэлгийн Дотоод шүүрлийн эмч, анагаах ухааны магистр Э.Билгүүнтэй ярилцлаа.
-Чихрийн шижин өвчний нэг болон хоёрдугаар хэлбэрийн ялгаа, үүсэх шалтгаан юу бол. Монголд түлхүү тохиолдож байгаа хэлбэр аль нь вэ?
-Чихрийн шижин өвчин дотроо хэд хэдэн хэлбэртэй байдаг. Тэдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог нь чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинж юм. Энэ хэлбэрийн хувьд голчлон амьдралын хэв маягтай холбоотойгоор үүсдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хооллолтын буруу зуршил, хөдөлгөөний дутагдал, тамхи татах, илүүдэл жин, таргалалт, мөн удамшлын хүчин зүйлс чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлдөг.
Харин чихрийн шижингийн нэгдүгээр хэв шинж нь ихэвчлэн хүүхэд, залуу насанд илэрдэг. Энэ тохиолдолд гол асуудал нь инсулин буюу цусан дахь глюкозыг зохицуулдаг даавартай холбоотой. Өөрөөр хэлбэл, инсулин ялгарах нь анхнаасаа маш бага буюу бараг байдаггүй. Тиймээс хүүхэд насандаа оношлогдсон чихрийн шижингийн нэгдүгээр хэв шинж нь харьцангуй хүнд хэлбэрээр явагддаг бөгөөд эмчилгээний хувьд зайлшгүй инсулин тарьж хэрэглэдэг.
-Чихрийн шижинтэй иргэдийн хооллолт, хөдөлгөөн, эмчилгээний дэглэмд хамгийн түгээмэл гаргадаг алдаа юу байдаг бол?
-Амьдралын хэв маяг гэдэг нь бидний өдөр тутмын зуршилтай шууд холбоотой. Олон хүн өөрийнхөө зуршлыг буруу гэдгийг мэдэж байгаа хэр нь тэр болгон засахгүй яваад байдаг. Зарим тохиолдолд бүр эсрэгээрээ, хоолны дэглэм барина гээд хэтэрхий хоолоо хасаад, хоол сойх зэрэг буруу аргуудыг хэрэглэдэг. Ингэснээр бие махбодод хэрэгтэй тэжээл дутагдаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Дасгал хөдөлгөөний хувьд ч ялгаагүй. Дасгал хийгээрэй гэхээр заавал жим, фитнест явж байж л дасгал хийж байгаа мэтээр ойлгодог хүмүүс цөөнгүй. Тэгээд тэр боломж нь бүрдэхгүй болохоор огт хөдөлгөөн хийхгүй яваад байх тохиолдол ч бий. Үнэндээ заавал фитнест явах шаардлагагүй, өдөр тутмын амьдралдаа тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх нь хамгийн чухал юм.
Чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийн хувьд онцлог нь шинж тэмдэг харьцангуй бага, ялангуяа эхэн үедээ бараг илэрдэггүй. Тиймээс хүмүүс өөрсдөө мэдэхгүй, оношлогдохгүй удаан хугацаанд яваад байдаг. Харин оношлогдсон ч тодорхой өвдөлт, зовуурь мэдрэгдэхгүй болохоор эмчид тогтмол хандахгүй, шаардлагатай арга хэмжээ авахгүй удах нь их байдаг. Энэ нь хамгийн том алдаа болдог юм.
-Чихрийн шижингийн эмчилгээ яагаад зарим хүнд үр дүнтэй, заримд нь тохирдоггүй вэ?
-Чихрийн шижин өвчний эмчилгээний тухайд сүүлийн жилүүдэд анхаарах шаардлага улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд чихрийн шижинг эмчлэх олон шинэ арга, эмчилгээ гарч ирж, үр дүн, аюулгүй байдлын талаар судалгаанууд хийгдсээр байна.
Гэхдээ эдгээр эмчилгээ бүрийн үйлчлэх механизм өөр, өөр байдаг. Өөрөөр хэлбэл, цусан дахь глюкозыг ямар түвшинд, ямар замаар бууруулж байна вэ гэдгээс хамаараад тухайн эмчилгээ хэнд илүү тохирох нь ялгаатай. Ялангуяа чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийн үед глюкоз бууруулах эмчилгээний сонголт өргөн байдаг ч аль эмчилгээ тухайн хүнд хамгийн зөв тохирох вэ гэдэг нь хүн бүр дээр харилцан адилгүй. Тиймээс эмчилгээний зөв сонголтыг хийх нь маш чухал.
quote photo
Эрүүл мэнд гэдэг бол бидний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгтээ заавал хамрагдах нь маш чухал. Хэрэв өөрийгөө эрсдэлт бүлэгт хамаарч байна гэж үзэж байвал цусан дахь глюкозын түвшингээ тогтмол хянуулах хэрэгтэй.
-Чихрийн шижин хэв шинж хоёрын шинэ эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?
-Ихэнх тохиолдолд таргалалт, бодисын солилцооны зүрх судасны өвчин, бөөрний эмгэг, элэгний өөхлөлт зэрэг эмгэгүүдтэй хавсарч тохиолдох, аль аль өвчнийхөө хүндрэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Тиймээс эмчилгээний зорилго зөвхөн глюкозыг бууруулахад бус, жин буулгах, зүрх судасны өвчний эрсдэлийг багасгах, цусан дахь өөх тос, элэгний өөхлөлтийг бууруулах зэрэг хавсарсан эерэг үр дүнг давхар авчирдаг. Өөрөөр хэлбэл, зөв эмчилгээ нь зөвхөн сахарын хяналтад бус, хүний ерөнхий эрүүл мэндэд ч сайн нөлөө үзүүлдэг юм.
-Семаглутид /Ozempic/ нь хоолны дуршлыг бууруулж, жинг зохистой хянадаг гэсэн. Тиймээс эмэгтэйчүүд чихрийн шижингүй байсан ч энэхүү тарьдаг эмийг турах зорилгоор ашиглаж байгаа тухай сонссон. Энэ нь хэр эрсдэлтэй вэ?
-Семаглутид гэх тарилга нь чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжтэй хүмүүст хэрэглэх заалттай эмчилгээ юм. Хэрэглэх заалтаасаа шалтгаалаад хадгалах нөхцөл, хэрэглэх арга нь ч ялгаатай. Монгол Улсад энэхүү тарилга 2025 оны арванхоёрдугаар сараас албан ёсоор орж ирж, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмч нар өөрсдийн хяналтад байдаг өвчтөнүүддээ хэрэглэж эхэлсэн.
Гэвч албан ёсоор орж ирэхээс нь өмнө энэ тарилгыг хадгалалтын горим нь алдагдсан эсэх нь тодорхойгүй, баталгаагүй эх үүсвэрээс авч, эмчид үзүүлэлгүйгээр, жоргүйгээр зөвхөн турах зорилгоор хэрэглэсэн тохиолдол нэлээд гарсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ийм хэрэглээ ажиглагдсан. Ингэж буруу хэрэглэснээс шалтгаалан бөөлжих, суулгах, нойр булчирхайн үрэвсэл үүсэх зэрэг сөрөг нөлөө илрэх эрсдэлтэй. Ийм хүндрэл гарсан тохиолдолд тухайн эмийг худалдсан хүн хариуцлага хүлээхгүй, иргэд өөрсдийн эрүүл мэндээрээ хохирч үлдэх учраас энэ эмчилгээг заавал эмчийн хяналтад, зөв заалтаар хэрэглэх нь маш чухал.
Жишээ нь, манай эмнэлэг Семаглутид (Ozempic) эмчилгээг заалтын дагуу хэрэглэж байна. Гэвч эмчилгээг эхлүүлэхийн өмнө тухайн хүнд тохирох эсэх, эрсдэлийн хүчин зүйл байгаа эсэхийг шаардлагатай шинжилгээ, үнэлгээгээр тогтоож, эмчийн дүгнэлтээр баталгаажуулсны үндсэн дээр эмчилгээг хийдэг.
Өөрөөр хэлбэл, хэнд хэрэглэх вэ гэдгийг нарийн мэргэжлийн эмч тухайн хүний өнөөгийн байдал төдийгүй цаашдын 5–20 жилийн эрсдэл, аюулгүй байдлыг харгалзан үзэж байж шийддэг. Семаглутид нь глюкоз бууруулах эм учраас гаж нөлөөний хувьд хамгийн түрүүнд цусан дахь сахар хэт буурах эрсдэлтэй. Энэ үед толгой эргэх, дотор муухайрах, гар хөл салгалах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин цусан дахь сахар хэвийн хэмжээнд байвал хүн өдөр тутмынхаа энергийг зөв авч, хэвийн амьдралын хэмнэлээ хадгалж чаддаг.
Аливаа эмийг эмчилгээнд нэвтрүүлэхийн өмнө олон улсын хэмжээнд олон жилийн судалгаа хийж, үр нөлөө, аюулгүй байдлыг нь нарийвчлан тогтоодог. Харин хэрэглэх заалтгүй хүмүүс дээр хийсэн урт хугацааны судалгаа байдаггүй учраас цаашид ямар үр дагавар, гаж нөлөө илрэхийг яг таг хэлэх боломжгүй. Гэсэн ч өмнө нь хэрэглэсэн зарим хүнд маш ховор тохиолддог боловч ноцтой гаж нөлөө болох хараа алдах, бамбай булчирхайн хавдар сэдрэх, цөсний чулуу үүсэх зэрэг эрсдэл илэрч байсан нь бүртгэгдсэн байдаг. Тиймээс энэ төрлийн эмчилгээг зөвхөн хэрэглэх заалттай үед, мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм.
-Та уншигчдад чихрийн шижин хэв шинж хоёроос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө үү?
-Эрүүл мэнд гэдэг бол бидний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгтээ заавал хамрагдах нь маш чухал. Хэрэв өөрийгөө эрсдэлт бүлэгт хамаарч байна гэж үзэж байвал цусан дахь глюкозын түвшингээ тогтмол хянуулах хэрэгтэй. Зөвхөн глюкозоос гадна даралт ихсэх, бодисын солилцооны өөрчлөлт, бусад хавсарсан өвчнүүд байгаа тохиолдолд илүү нарийн, дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
Чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжээс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын зөв хэв маяг хамгийн чухал нөлөөтэй. Таргалаад дараа нь огцом турах гэж зорихоос илүүтэйгээр жингээ барьж, тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Эрүүл, зөв хооллолтыг зөвхөн баяр ёслол, эсвэл зун болохын өмнө турах зорилгоор бус, өдөр тутмын амьдралын хэвшил болгох нь чухал. Мөн дасгал хөдөлгөөн маш чухал. Долоо хоногт нэг эсвэл хоёр удаа хоёр цаг дасгал хийхээс илүүтэйгээр долоо хоногт хамгийн багадаа таван удаа өдөрт 30 минутаас дээш хугацаанд тогтмол хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй байдаг.
-Манай улсад чихрийн шижингийн өвчлөлт хэр их нэмэгдэж байгаа бол. Танд сүүлийн үеийн тоо баримт байгаа бол уу?
-Чихрийн шижин өвчний тархалт дэлхий даяар амьдралын хэв маягтай шууд холбоотойгоор нэмэгдэж байна. Манай Монгол Улсад ч мөн адил энэ өвчний тархалт жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд тоон үзүүлэлтээр харахад сүүлийн 20 жилийн хугацаанд чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжтэй хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдсэн байна.
Дэлхий дахины хэмжээнд авч үзвэл ойролцоогоор 10 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байх магадлалтай гэж үздэг. Үүнээс хамгийн санаа зовоосон асуудал нь чихрийн шижинтэй хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй, өөрөөр хэлбэл өөрийгөө чихрийн шижинтэй гэдгээ мэдэхгүй явж байх боломжтой юм. Чихрийн шижингийн хэв шинжүүдийн хувьд нийт өвчлөлтийн 90 гаруй хувийг хоёрдугаар хэв шинж эзэлдэг. Харин нэгдүгээр хэв шинж нь харьцангуй цөөн тохиолддог бөгөөд ихэвчлэн бага, залуу насанд эрт оношлогдож, насан туршийн эмчилгээ, хяналтад ордог.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал дээр зүгээр нэг хэн нэгнээс асууж дур мэдэн шийдэх бус баталгаатай нотолгоонд суурилсан мэдлэгтэй мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ, эмийн хэрэглээг яг зөвөөр нь дагаж мөрдөх нь хамгийн чухал юм. Ингэж чадвал цаашид үүсч болох маш олон хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн давтан үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ иргэд тогтмол, идэвхтэй хамрагдаж байгаасай гэж хүсэж байна. Эрүүл мэнддээ өнөөдрөөс анхаарал тавих нь маргаашийн эрсдэлийг багасгах хамгийн зөв алхам юм.
-Ярилцсанд баярлалаа.  
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн