Өвлийн олимпын скелетоны эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлддөг Бельги улсын тамирчин Ким Мейлманс, Бразил улсын тамирчин Николь Силвейра нар 2025 онд гэрлэжээ.
2026 оны өвлийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн скелетон төрлөөр өрсөлдөх Бельги улсын тамирчин Ким Мейлманс, Бразил улсын тамирчин Николь Силвейра нарын хайрын түүх олон хүний анхаарлыг татаж байна. Тэд хоёр өөр улсын төлөө олимпын нэг төрөлд өрсөлдөх гэж байгаа цорын ганц гэрлэсэн хосууд ба хоёулаа эмэгтэй тамирчид. Өвлийн олимпын хамгийн хурдтай, адреналин ихтэй төрлөөр хоорондоо өрсөлдөх нь үзэгчдэд сонирхолтой, хүлээлттэй байдал үүсгэж байгаа юм.
Тэд 2019 онд олон улсын скелетоны дэлхийн цомын бэлтгэлийн үеэр анх танилцжээ. Аль аль нь Герман, Швейцарын мөсөн зам дээр нэг дасгалжуулагч дор байнга бэлтгэл хийдэг байсан нь илүү хурдан дотносох шалтгаан болжээ. Эхэндээ зүгээр л өрсөлдөгч, мэргэжлийн танилууд байсан ч ижил спортоор хичээллэдэг, ижил дарамт айдсыг ойлгодог, бэлтгэлийн амьдрал нь адилхан байсан нь тэднийг хурдан ойртуулсан гэжээ. Ингээд спортын хамтрагчид амьдралын хамтрагч болж, улмаар албан ёсоор гэрлэсэн.
Ким Мейлманс нь 2018 оноос скелетоноор хичээллэж, удалгүй Бельгийн скелетон спортын хамгийн амжилттай тамирчдын нэг болсон ба эмэгтэй Бразилаас европын хоёр удаагийн аварга, дэлхийн цомын аварга юм. Харин Николь Силвейра нь Бразилаас гаралтай бөгөөд дэлхийн цомын хүрэл медаль, 2022 оны өвлийн олимпод 13-р байр, пан Америкийн аварга билээ.
Сонирхуулахад 2025 оны дэлхийн цомын эмэгтэй скелетоны тэмцээнд Мейлманс алт, Силвейра хүрэл медаль хүртэж, нэг подиумд хамтдаа гарч байжээ.
“Милан Кортино 2026” өвлийн олимпын скелетоны хуваарь монгол цагаар:
Хоёрдугаар сарын 12-нд 16 цагаас эрэгтэйчүүдийн төрлийн нэг, хоёрдугаар гараа
Хоёрдугаар сарын 13-нд 23 цагаас эмэгтэйчүүдийн төрлийн нэг, хоёрдугаар гараа
Хоёрдугаар сарын 13-нд 02 цагаас эрэгтэйчүүдийн гурав дөрөвдүгээр гараа, финал
Хоёрдугаар сарын 14-нд 01 цагаас эмэгтэйчүүдийн гурав дөрөвдүгээр гараа, финал
Хоёрдугаар сарын 15-нд 01 цагаас холимог багийн төрөл медалийн уралдаанаар өндөрлөнө.