Улсын хэмжээнд 2025 онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэний 40 орчим хувь нь эрт үедээ илэрчээ.Өнгөрсөн онд бүртгэгдсэн хавдрын тохиолдол нь 2024 оныхоос 154-өөс нэмэгдсэн үзүүлэлт аж. Элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь нийт өвчлөлийн 62.3 хувийг эзэлж байна. Энэхүү өвчний улмаас өнгөрсөн онд 4774 хүн нас барсан. 2025 оны жилийн эцсийн байдлаар хорт хавдар гэсэн оноштой 32979 хүн амьдарч байгаагийн 41 хувь нь тав ба түүнээс дээш жил амьдарч байна хэмээн “Хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөгийн үеэр ХСҮТ-өөс мэдээллээ.Тэгвэл хорт хавдар эрт үедээ илрэх тохиолдол өссөн нь илрүүлэг, оношилгооны чанар хүртээмж сайжирч, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой гэж салбарынхан үзэж байна.Олон улсын Хавдрын хяналтын холбооноос (UICC) жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг хавдрын эсрэг анхаарал хандуулах Дэлхийн өдөр хэмээн зарласан. Манай улсын хувьд уг өдрийг 2007 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Бидний түүх-Биднийг нэгтгэнэ. Хүн төвтэй тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.