Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжин эдийн засгийг төрөлжүүлэх салбаруудыг нэг болгон хөгжүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж жуулчдыг татах зорилгоор “Go Mongolia” кампанит ажлыг ч хийж буй. Цар тахлын улмаас тэг зогсож, 1.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байсан тус салбар Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр өдгөө орлого нь 65 хувиар өссөн гэдгийг холбогдох албаныхан хэлж буй. Тодруулбал, өнгөрсөн онд тус салбар 850 мянга гаруй жуулчин хүлээн авч 650 сая ам.долларын орлого олжээ. Цаашид зөвхөн зуны улиралд бус өвөл ч аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын баазуудын чадавх болон дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулахаар төлөвлөсөн. Гэвч эдгээр зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боловсон хүчин манай улсад дутагдалтай байна. Ковидын үед аялал жуулчлалын салбарынхны ажил хумигдаж тэр хирээр ажилчид нь ажлаа солих, гарах тохиолдол эрс нэмэгдсэн. Зочлох үйлчилгээний нийт ажилчдын 60 орчим хувь нь ковидын үед уул уурхай болон бусад салбарт шилжсэн гэх статистик бий. Энэхүү хомсдол нь өнөөдөр ч сорилт хэвээр байна. Тиймээс Монголын аялал жуулчлалын холбоо, ЭЗХЯ хамтран зохион байгуулж буй Аялал жуулчлалын 7 хоног үйл ажиллагааны үеэр хүний нөөцийн хомсдлын талаар хэлэлцлээ.Улирлын чанартай тогтворгүй ажлын байр, цалин хөлсний өрсөлдөөн, гэрээт болон гадаад ажилтныг дэмжих бодлого сул байгаа нь хүний нөөц хомсдолтой байгаагийн гол шалтгаан хэмээн салбарынхан үзэж байна. Өмнөговь аймагт байрлах “Говь Мираж” жуулчны баазад ажлын оргил үе буюу зуны улиралд 50-60 хүн ажиллах шаардлагатай. Гэвч бодит байдал дээр үүний талтай тэнцэх хүн л ажиллаж байна. Тэдний хувьд хүний нөөцийн тогтворгүй байдлыг дараах хоёр шалтгаантай холбон тайлбарлаж байна.