“Дулааны V цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллаа. “Дулааны V цахилгаан станц” Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хуучнаар ТЭЦ2 станцын талбайд хэрэгжиж байна. Дулааны V цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй. Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах аж. Төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болсон бөгөөд барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээнүүдийг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Газар чөлөөлөлт үндсэндээ дууссан. Нийт 65 хаягдсан үнсийг зөөгөөд хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Долдугаар сарын 22 гэхэд зуухны угсралтыг эхлүүлнэ. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэнэ. 2028 оны Цагаан сарын үеэр нэгдүгээр блок, тавдугаар сард хоёрдугаар блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.