Ахмадууд тэтгэврийн зээлээ 36 сараар авах шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Нэг талд улстөрчид тэтгэврийн зээлийн хугацааг уртасгах, хүүг багасгах, хамтран зээлдэгчгүй авах боломжтой гэсэн мэдэгдлүүд хийж, нөгөө талд ахмадууд энэ мэт шаардлага тавьсаар ирсэн нь гагц өнөө жилийн асуудал биш. Олон жилийн өмнөөс эхэлсэн талцал, үл ойлголцол юм. Эдийн засагчдаас “Тэтгэврийн зээл тойрсон асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ” гэсэн асуултад хариу авснаа хүргэе.

Эдийн засагч Г.Батзориг: Иргэд зээлээ ахиухан аваад сар шинээ аятайхан тэмдэглэе гэж бодож байна. Буруутгахад хэцүү л дээ. Гэхдээ нөгөө талд буюу банк талд барьцаа батлан даалт шаардах гэх мэтээр ашгийн байгууллагынхаа нөхцөлийг тавих нь тодорхой. Бид цалингийн, бизнесийн зээл авдаг. Тэтгэврийн зээл ч эдгээр зээлээс ялгарах юм байхгүй. Бүх зээл бүтээгдэхүүн гэдгийг л тэтгэвэр авагчид маань ойлгох ёстой байх. Шийдэл нь байхгүй, шийдлийг нь хийхгүй болохоор ийм суурь асуудлууд үүсээд үргэлжлээд яваад байна л даа. Зүй нь улс төрчид тэтгэврийн зээл дээр фокуслахаас илүү тэтгэврийн реформд анхаарах ёстой юм. Реформ хийчихвэл тэтгэврийн зээл тойрсон талцал, үл ойлголцол үүсэхгүй.
Дахиад хэлье. Банк бол ашгийн байгууллага. Тэр утгаараа тэтгэврийн зээл бол банкны нэг төрлийн бүтээгдэхүүн. Банкнаас өгдөг тэтгэврийн зээл бол төрийн бүтээгдэхүүн огт биш. Тэгэхээр ашгийн төлөө явж байгаа хувийн байгууллагын бүтээгдэхүүнийг авах эсэх нь зөвхөн иргэдийн сонголт. Тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний нөхцөлүүд бий. Банкуудын эрсдлээ тооцоод санал болгож байгаа нөхцөлийг нь хүлээж авч байвал тухайн зээлээ авч болно, хэрэглэгчийн сонголтын асуудал.