Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Алт, мөнгөний үнийн огцом уналтын цаад шалтгаан юу байв

Алт, мөнгөний үнийн огцом уналтын цаад шалтгаан юу байв
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 2
Өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн алт, мөнгөний үнийн огцом уналт одоог хүртэл үргэлжилж байна. Пүрэв гарагт нэг унц алтны үнэ 5,600 ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоож байв. Харин мөнгөний үнэ унц нь 120 ам.долларт арилжаалагдаж байлаа. Гэвч үүний дараа үнэт металлуудын үнэ гэнэт унаж эхэлсэн бөгөөд баасан гарагийн орой гэхэд алтны үнэ 4,700 ам.доллар болтлоо буурсан юм.
Даваа гарагт алтны үнэ 9 хувиар буурч, сүүлийн хоёр долоо хоногоос дээш хугацааны хамгийн доод түвшинд хүрсэн бол өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд түвшинд хүрээд байсан мөнгөний үнэ 13 хувиас илүү унав. Газрын тосны үнэ ойролцоогоор 5.5 хувиар буурч, олон сарын дээд түвшнээсээ ухарсан бол Лондоны Металлын Биржийн зэсийн үнэ бараг 5 хувийн уналт үзүүллээ.
Энэхүү огцом бууралтын гол шалтгаан нь мөнгөний бодлоготой холбоотой хүлээлтийн өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын ашиг түгжих үйлдэл, мөн макро эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой байв.
Үнийн уналтыг өдөөсөн гол хүчин зүйлсийн нэг нь АНУ-ын Төв банкны дараагийн даргаар Кевин Уоршийг томилох тухай мэдээлэл байлаа. Зах зээл энэ томилгоог АНУ-ын мөнгөний бодлого цаашид “хатуу” хэвээр хадгалагдаж, хүүгийн хэмжээг огцом бууруулах магадлал багасна гэсэн дохио гэж тайлбарлажээ. Үүний улмаас ам.долларын ханш чангарч, бондын өгөөж өссөн нь алт зэрэг ам.доллараар үнэлэгддэг түүхий эдийн эрэлтийг бууруулав. Алт нь хүүгийн өгөөж өгдөггүй актив тул бодит хүү өсөх үед хөрөнгө оруулагчдын сонирхол сулардаг. Иймээс алтны үнэ богино хугацаанд мэдэгдэхүйц унасан байна.
Харин зэсийн уналт нь зөвхөн мөнгөний бодлоготой холбоотой бус, эдийн засгийн өсөлтийн хүлээлттэй шууд холбоотой байсан тухай шинжээчид онцолжээ. Зэс болон төмрийн хүдрийн зах зээлд Хятадад нөөц их, харин худалдан авалт багассан гэсэн мэдээлэл зэсийн үнэ огцом буурахад нөлөөллөө. Учир нь дэлхийн хамгийн том түүхий эдийн худалдан авагч Хятад улсад Сар шинийн баяр ойртож, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саарснаар зэсийн эрэлт түр хугацаанд буурч байгаа аж.
Үнийн уналтад нөлөөлсөн өөр нэг чухал хүчин зүйл бол ашиг түгжих явдал байлаа. Алт, зэсийн үнэ богино хугацаанд хэт хурдан өссөн тул олон хөрөнгө оруулагчид оргил түвшинд хүрмэгц ашгаа баталгаажуулах зорилгоор зах зээлээс гарч эхэлсэн байна.
Эдийн засагчид, шинжээчдийн дүгнэлт
Эдийн засагчид болон зах зээлийн шинжээчид үнийн огцом уналтыг ихэвчлэн урт хугацааны хямрал бус, харин зах зээлийн засвар (коррекц) гэж үзэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар зах зээл богино хугацаанд хэт халсан үед ийм засвар зайлшгүй тохиолддог аж. Иймээс энэхүү уналтыг зах зээлийн хэвийн мөчлөгийн нэг хэсэг гэж тайлбарлаж байна.
Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүлээлт алтны үнэд голлох нөлөө үзүүлсээр байна. Ам.долларын ханш чангарч, бодит хүү өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй үед алтны сонирхол буурдаг. Энэ нь алтны үнэ ойрын хугацаанд тогтворгүй байх магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ.
Гуравдугаарт, зэсийн хувьд ойрын хугацаанд эрэлт суларч болзошгүй ч урт хугацааны суурь хүчин зүйлс харьцангуй эерэг хэвээр гэж олон шинжээч үзэж байна. Цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд нь зэсийн эрэлтийг дунд болон урт хугацаанд дэмжих боломжтой гэжээ. Тиймээс одоогийн уналтыг зарим хөрөнгө оруулагч “худалдан авах боломж” гэж ч харж байна.
Алт, зэсийн үнэ тогтвортой өссөний дараа огцом унасан нь АНУ-ын мөнгөний бодлогын хүлээлтийн өөрчлөлт, ам.долларын ханшийн чангаралт, хөрөнгө оруулагчдын ашиг түгжих үйлдэлтэй шууд холбоотой байв. Ихэнх эдийн засагчид энэхүү уналтыг зах зээлийн богино хугацааны засвар гэж үзэж байна. Гэсэн ч ойрын хугацаанд үнийн савалгаа өндөр хэвээр үргэлжлэх магадлалтайг шинжээчид анхааруулжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн