Цагаан сарын идээ, будааг засаж бэлдэхдээ юуг анхаарах шаардлагатай талаар Гандантэгчэнлин хийдийн Бурхан сангийн лам М.Ганхуягтай ярилцлаа.
-Цагаан сарын идээ, будааг засахдаа баримтлах ёстой уламжлалт дэс дараалал, бэлгэдэл гэж юу вэ?
-Цагаан сарын идээ будааг битүүний өдөр, ялангуяа хонь цагт засвал сайн гэж үздэг. Учир нь хонь цагт хийсэн үйл давтагддаг хэмээн бэлгэддэг юм. Идээ будаагаа засна гэдэг өөрөө баяртай, жаргалтай үйл. Өнгөрсөн жилээ өнөтэй сайхан давж, ирэх жилдээ аз хийморь, цог золбоо дэлгэрэхийг бэлгэдэн хийж буй ажил учраас энэ цагийг бэлгэшээдэг.
Идээ шүүсээ засахдаа тодорхой дэг журам баримтална. Идээ шүүсийг ихэвчлэн ширээний зүүн талд, харин тавгийн идээ, боовоо баруун талд засдаг. Монголчууд ихэвчлэн л хэвийн боов тавьдаг бөгөөд хэвийн боов өөрөө гүн бэлгэдэлтэй. Настай, буян хишиг арвин, олон үр хүүхэд, ач зээтэй хүнийг хүндэтгэж илүү олон үе, томоор засдаг. Энэ нь дараа жилдээ амны идээ арвин, элбэг дэлбэг байхыг бэлгэддэг юм. Шүүсний хувьд настай ахмадууд ихэвчлэн хонины ууц тавьдаг бол залуу гэр бүлүүд цөөн тооны боов засахад болно. Боовыг ес, гурав зэрэг сондгой тоогоор тавьдаг бөгөөд аав, ээж нь мэнд сэрүүн байгаа айлууд тийм олон боов засдаггүй ёс бий. Шүүсийг ч мөн адил дал, дөрвөн өндөр зэрэг зохистой хэмжээгээр засна.
Зарим айл үе удмынхаа шүтээн сахиусыг хадгалдаг. Ийм айлууд бурхандаа самнаа гэх боовыг сондгой тоогоор өргөдөг. Мөн хонины сүүл, шанд, чөмөг, онго, үнхэлцэгтэй зүрх, гургалдай зэргийг тахил болгон тавьж, дотоод гадаад нууцын гурван тахилыг бэлгэшээн өргөдөг уламжлалтай. Цагаан сараар идээ будаагаа засахаас өмнө гэр орноо сайтар цэвэрлэж, ариун арц, хүж уугиулан ариулна. Ууц шүүсээ засахдаа нутаг нутгийн онцлогоос шалтгаалан өөр байдаг. Зарим газар өвчүү тавьдаг ёс ч бий. Ер нь бол эхлээд шүүсээ засаад, дараа нь идээ будаагаа засах нь зөв.
Битүүний орой идээ шүүсэндээ бууз тавина. Харин бурхандаа идээ шүүснийхээ дээжийг өргөж, шүүсэн дээрээ 2–3 ширхэг бууз тавиад, хонины сүүлнээс багахан огтлон галын бурханд өргөдөг. Мөн гадаа үүднийхээ тотгон дээр гурван мөс тавьдаг учиртай. Энэ өдөр сар битүүрч, харанхуй болдог тул битүүний өдөр хэмээн нэрлэсэн байдаг. Балданлам гэх сахиус бий. Энэ сахиус айл бүрийн гэрээр орж, идээ будааг нь адислан, аз жаргал, сайн сайхныг ерөөдөг гэж үздэг. Сахиусны хүлэг нь луус байдаг тул түүний амны ус болгож гурван мөсийг тотгондоо тавьдаг ёс ч байдаг. Маргааш өглөө нь нар мандах үед “Сайхан хаваржиж байна уу” хэмээн золгон мэндэлж, ахмад настныхаа тохойг түшин урт удаан наслахыг ерөөн, сайхан үгс хэлэн шинэлдэг.
Монгол гэрийн доторх байрлал ч бас чухал. Гэрийн эзэн зүүн хойд буюу бар зүгт, гэрийн эзэгтэй туулай зүгт сууна. Гэрийн зүүн урд талд сүү, сааль байрлана. Зочин гийчэн настай бол хойморт, ихэвчлэн айлын зүүн хоймор луу суулгадаггүй, тэнд гэрийн эзэн л суудаг ёстой. Энэ нь гэрийн эзэн сүр хүчтэй, жавхаатай байхыг бэлгэддэг бол эзэгтэй туулай зүгт суун гэр орныг эерэг, зөөлөн энергээр дүүргэдэг хэмээн үздэг. Монгол гэрийг найман тахилын шинжтэй хэмээн магтдаг. Монголчууд их амны билигтэй гэж ярьдаг нь учиртай. Орчин үеийн шинжлэх ухаан ч үүнийг нотолж байна. Хүн үргэлж эерэг, сайн сайхан зүйл бодож, болно, бүтнэ гэж явбал ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байдаг.
-Идээ засах, битүүлэх, золголт хийх үеэр цээрлэх ёс, цээртэй үйлдлүүдээс дурдвал юуг онцгойлон анхаарах хэрэгтэй вэ?
-Шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Эхлээд бурхан шүтээн, хангай дэлхийдээ өргөөд дараа нь гэрийн эзэндээ цай сүүнийхээ дээжийг барьж ёсолж, ахмад буурлуудтайгаа золгодог уламжлалтай. Энэ үед дэмий сул үг ярих, маазрах, үл хүндэтгэсэн байдал гаргах ёсгүй. Цагаан сар гэдэг өөрөө маш их бэлгэдэл, ёс уламжлалыг агуулсан баяр юм.
Манай өвөг дээдэс, хөгшчүүл, ахмад настнуудынхаа ач буянаар л бид өнөөдөр өдий зэрэгтэй амьдарч явна. Тэдний хийж бүтээсэн хөдөлмөр, буян заяаны үрээр бид энэ амьдралыг туулж байна шүү дээ. Бид ч гэсэн нэг л өдөр өндөр настай болно. Тэр үед үр хүүхдүүд нь цуглараад, баяр ёслолоо хийж, хүндлэн золгож байвал ахмад хүнд тэр нь давхар баяр болдог. Тиймээс настайчууддаа чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандах ёстой. Сул үг, билиг дэмбэрэлгүй үг ярихыг цээрлэдэг. Лам багш нарын ярьж байсанчлан, огт байхгүй, ор үндэсгүй зүйлийг ярих нь дэмий. Харин арвин бэлгэдэлтэй, сайхан ерөөлийн үг хэлэх ёстой. Жилийн эхэнд дандаа сайн сайхныг бэлгэдсэн, өөдрөг үгсийг ярилцах нь чухал байдаг.
Сүүлийн үед зарим залуус Цагаан сарын баярыг тээртэй, нүсэр гэж ярих нь бий. Гэхдээ энэ бол буруу ойлголт. Цагаан сар гэдэг чинь ахмад настнууд дээрээ зорьж очоод амар мэндийг нь асууж, хүндэтгэдэг баяр. Бид өдөр тутамдаа аав, ээж дээрээ тогтмол очоод байж чаддаггүй шүү дээ. Харин Цагаан сараар үндэсний дээл хувцсаа өмсөөд ахмадуудаа зориод очиход, тэд хөөрч баярлаад “бууз идээрэй, бэлэг ав” гээд угтдаг.
Хүүхдүүд нь эцэг эхийнхээ баярын бэлгийг бэлдэж, тусалж байгаа нь өөрөө ачийг нь хариулж буй хэлбэр юм. Хоёр, гуравхан хоног ч гэсэн гал тогоог нь бариад, миний аав, миний ээж гээд дэргэд нь байж туслах нь хамгийн том ачлал болдог. Цагаан сар, наадам хоёр бол Монголын хамгийн том баяруудын нэг шүү дээ. Тийм байхад энэ сайхан баярыг муулах, аав ээжийнхээ дэргэд тээртэй гэж ярих нь билэг дэмбэрэлгүй, зохисгүй үйлдэл юм.
Цагаан сар бол бидний ондооших, уламжлалаа хадгалах баяр. Жилдээ ганц л тохиодог энэ баярыг тээр шаах нь зохисгүй. Харин ч баяраа өргөн дэлгэр, хүндэтгэлтэй тэмдэглэх нь хүний ёсны хэрэг. Настай хүмүүс хүүхдийн гар дээр чихэр тавьж байж л санаа нь амардаг улс. Залуучууд өөрсдийгөө эцэг эхийнхээ оронд тавьж нэг бодож үзэх хэрэгтэй. Та ч гэсэн нэг л өдөр настай болно. Тэр үед таны хүүхдүүд “Цагаан сарыг нүсэр тэмдэглэж яах юм бэ” гээд тоохгүй байвал ямар санагдах бол. Тиймээс ачлалт аав, ээжийгээ аль болох сайн баярлуулж, ээж ээ, аав аа гээд гүйгээд байвал эцэг эхчүүд ямар их баярлах нь ойлгомжтой. Бид ахмад настнуудаа өргөн хүндэлж явбал аливаа зүйл үйлийн үртэй байдаг. Сайн үйлийн үр заавал сайнаар л эргэж ирдэг. Тиймээс үүнийг л шамдан хийж, уламжлалаа эрхэмлэж явах нь зүйтэй юм.
-Цагаан сараар өнгөлөг идээ будаа дүүрэн ширээ засах нь ирэх жилийн өнгө аз хийморийг бэлгэддэг гэдэг. Та бидэнд энэ талаар мэдээлэл өгнө үү?
Ер нь бол сэтгэлээсээ зассан идээ л жинхэнэ утгаараа өнгөлөг байдаг. Олон юм тавьчихлаа гээд, их идээ заслаа гээд заавал өнгөлөг болно гэсэн үг биш. Сайхан цагаан идээгээрээ, хэвийн боовоороо, эсвэл өөрийнхөө чадах хэмжээнд тааруулж, сэтгэл гаргаж зассан идээ хамгийн гоё харагддаг юм. Гол нь ёс заншилдаа хүндэтгэлтэй хандаж, дэг журмаар идээ шүүсээ засах хэрэгтэй.
Олон чихэр тавьсан, үнэтэй чихэр өрсөн гэдгээр идээний өнгө тодордоггүй. Харин бэлгэ дэмбэрэлтэй зүйлийг нь ёс журмын дагуу, их ч биш, бага ч биш, яг тохирсон хэв донжинд нь тааруулж, цэвэр ариун сэтгэлээр засах нь хамгийн чухал. Арав, хорин давхар идээ зассанаар сайн болно гэсэн ойлголт байхгүй. Бага байсан ч хамаагүй, чин сэтгэлээсээ зассан идээ бол сайн идээ юм. Юм бүхэн хэтэрвэл дэмий, дутвал бас дэмий. Тиймээс идээгээ яг сайхан тунг нь тааруулж, учир утга, билэг дэмбэрлийг нь бодож засах хэрэгтэй юм.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Монголчууд эрт дээр үеэсээ Цагаан сарын баярыг их бэлгэ дэмбэрэлтэйгээр тэмдэглэж ирсэн ард түмэн. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинийн нэгэн хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Бурханы ном талаас нь авч үзвэл, энэ өдөр бурхан багш өөрийн 15 их багш, шавь нарыг номоор тэнссэн, билэг ерөөлийн онцгой өдөр гэж ярьдаг юм билээ. Тиймээс энэ өдөр билигтэй сайн үйл хийх, буянд шамдах аваас хийсэн буян арвиждаг хэмээн үздэг.
Мөн хаврын тэргүүн сарын шинийн 14 бол Өндөр гэгээний дүйчин өдөр тохиодог. Энэ өдөр зул, хүж өргөж, сэтгэлээ ариусган буян номын үйл хийдэг заншилтай. Ер нь монголчууд шинийн нэгнээс арван тавныг хүртэл хийд, хүрээндээ очиж эргэл мөргөл хийж, лам багш нартайгаа золгон, тухайн жилийнхээ өнгө төрх, ноён нурууг даатгадаг ёс уламжлалтай.
Төгсгөлд нь хэлэхэд бүх монголчууддаа ирж буй сайхан Морь жилдээ өргөн дэлгэр, элбэг хангалуун, аз хийморь дүүрэн байхыг чин сэтгэлээсээ ерөөе. Бүгдээрээ сайхан шинэлээрэй. Ирэх жилдээ энх эсэн, амгалан тайван, ахан дүүсээрээ эвтэй найртай, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэх болтугай.