Сүүлийн үед АТГ-аас авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр шуурхай ажиллаж, долоо хоног бүр 2-3 албан тушаалтнуудыг саатуулан шалгах боллоо. Энэхүү гүйцэтгэх ажиллагаа болон баривчилсан хүмүүсийг ямар авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулав.
10 аймгийн дулааны станцтай холбоотой Н.Тавинбэх нарын хэрэг
-Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 буюу эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах мөн 22.12 буюу үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. БНСУ-ын Засгийн газартай хамтран 40 жилийн хугацаатай ЭКСИМ банкны санхүүжилттэй 148.7 сая ам.долларын төсөвтэй 10 аймагт дулааны станц барих төсөл батлагдсан байдаг.
Уг төсөлд холбогдуулан Эрчим хүчний яамнаас тухайн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ хоёр аж ахуй нэгж, Монгол Улсаас нэг аж ахуй нэгжийг шалгаруулаад ес гаруй сая ам.долларын гэрээ баталсан байдаг. Үүнээс хойш туслах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэгч компаний үйл ажиллагаа туйлын хангалтгүй ба тус гэрээний хугацаа дууссан байхад, Эрчим хүчнй яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх хууль тогтоомжийг зөрчин албан тушаалаа урвуулан ашиглан энэхүү гэрээний хугацааг сунгасан. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой зардлыг 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нь тогтоогдсон.
Мөрдөн шалгалтын явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдож, төсөлтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан.