Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Боловсролын сайд П.Наранбаяр сайд нар мэдээлэл хийлээ.Өнөөдрийн хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулагчаар хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах явцын талаар мэдээлэл сонсож, тэмдэглэл гаргахаар болжээ. Мөн багш нарын цалинг нэмсэн хэлэлцээрийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэдэг гомдлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гаргасантай холбоотойгоор өнөөдрийн хуралдаанд тус асуудлыг танилцуулсан байна. Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын аварга малчин, тариаланч, саальчдыг тодруулжээ.ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойш буюу 1980-аад оноос хойш яригдаж байгаа төсөл. Энэ үйлдвэрийг барих үүднээс өнгөрсөн хугацаанд ТЭЗҮ-ийг боловсруулж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Мөн дэлхийн 20 гаруй орны 55 компанид Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамдаар дамжуулж урилга хүргүүлж, эхний шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласан. Үүний үр дүнд 7 улсын 13 компани уг төсөлд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Үүнээс дөрвөн компанийг урьдчилсан сонгон шалгаруулалт тэнцсэн гэж үзэж дараагийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэ оны эхний улиралд энэ дөрвөн компаниас нэгийг нь шалгаруулахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.