2025 онд огцом өсөлт үзүүлсээр ирсэн алтны үнэ шинэ дээд түвшиндээ хүрсээр байна. Геополитик, эдийн засгийн тодорхой бус байдал энэхүү өсөлтийн голлох хүчин зүйл болж байгаа бөгөөд АНУ-ын долларт итгэх итгэл суларч байгаа нь шинэ хөрөнгө оруулагчдыг татаж байна.
Даваа гарагт нэг унц алтны үнэ анх удаа 5,100 ам.долларыг давсан нь геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед хөрөнгө оруулагчид аюулгүй гэж үздэг хөрөнгө рүү олноороо шилжиж байгаагийн тод илрэл боллоо.
Сүүлийн 12 сарын хугацаанд алт тасралтгүй өсөлт үзүүлж, өнгөрсөн оны энэ үеэс хойш үнэ нь бараг хоёр дахин нэмэгджээ. Энэхүү өсөлт нь 1970-аад оноос хойших хамгийн өндөр өсөлт бөгөөд сүүлийн нэг жилд огцом өссөн. Тухайлбал, 2019 онд алт унц нь ердөө 1,280 ам.долларын үнэлгээтэй байв.
Алт яагаад ийм хурдан өсөж байна вэ?
Тодорхой бус цаг үед алт аюулгүй, найдвартай хөрөнгө оруулалт гэсэн ойлголт олон арван жилийн өмнөөс тогтсон. Өнөөгийн өсөлтийг хөдөлгөж буй гол хүчин зүйл ч мөн энэ тодорхой бус байдал юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн үед Гренландыг эзлэн авч, нэгтгэнэ гэж сүрдүүлэх болсон. Мөн энэ асуудлаар эсэргүүцсэн улс орнуудад өндөр тариф ногдуулах тухай мэдэгдэл хийсэн нь АНУ–ЕХ-ны харилцаанд дарамт учрууллаа. Гренландын талаарх эдгээр мэдэгдэл нь АНУ Венесуэлд хөндлөнгөөс оролцож, тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог тусгай хүчний ажиллагаагаар баривчилж, эрх мэдлээс нь зайлуулсны дараахан гарсан юм.
2025 онд алтны үнэ өсөх үед Украин, Газын дайнтай холбоотой геополитикийн эрсдэл гол нөлөө үзүүлж байв. Үүнээс гадна Трампын худалдааны тариф, АНУ-ын Засгийн газрын өрийн түвшин, доллар дэлхийн нөөц валютын байр сууриа хадгалж чадах эсэх талаар эдийн засгийн эргэлзээ байсантай холбоотой.
DZ Bank алтны үнийн өсөлтийн хандлага 2026 онд ч үргэлжилнэ гэж үзэж байна.
АНУ-ын долларын нөөц валютын байр сууринд эргэлзээ нэмэгдэв
Өнгөрсөн долоо хоног алт бараг 20 жилийн хамгийн сайн өсөлтөө үзүүлсэн бол АНУ-ын доллар 2025 оны тавдугаар сараас хойших хамгийн муу долоо хоногийг тууллаа. Энэ нь алтны үнэ болон долларын ханш хоорондын уялдаа холбоог тод харуулж байна.
Иймээс Forex.com валютын онлайн брокерын зах зээлийн шинжээч Фавад Разакзада сүүлийн хэдэн долоо хоногт алтны үнэ хэрхэн хөдөлж байгааг “сургалтын номонд орсон жишээ шиг аюулгүй хөрөнгийн зан төлөв” гэж тодорхойлжээ. Тэрээр “Хамгаалалт эрэлхийлэх суурь эрэлт хэвээр байна. Доллар болон бондод итгэх итгэл бага зэрэг ганхаж харагдаж байна” хэмээн бичжээ. Долларын сулрал нь алт, мөнгийг бусад валюттай харьцуулахад хямд болгож, худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Мөн долларын талаарх тодорхой бус байдал нь хөрөнгө оруулагчдыг долларын өөр хувилбар гэж үздэг алт руу илүү их хөрөнгө оруулахад хүргэдэг. 2025 онд АНУ-ын доллар 2017 оноос хойших хамгийн огцом жилийн уналтаа үзүүлж, гол валютуудтай харьцуулахад 9.5 хувиар суларчээ.
АНУ-ын эдийн засгийн ирээдүй тодорхой бус, хөрөнгө оруулагчид АНУ-ын хөрөнгөөс төрөлжүүлж эхэлсэн, мөн Холбооны Нөөцийн Сангаас цаашид хүү бууруулах магадлалтай байгаа зэргээс шалтгаалан энэ хандлага 2026 онд ч үргэлжилнэ гэж олон шинжээч үзэж байна.
Аюулгүй хөрөнгө гэж тооцогддог өөр нэг валют болох Японы иен ч хөрөнгө оруулагчдын нүдэнд үнэ цэнээ алдаж, улсын санхүүгийн нөхцөл байдлын талаарх болгоомжлолын улмаас сулраад байна. Японы эрх баригчид валютын ханшийг дэмжихээр зах зээлд оролцож болзошгүй гэх таамаг байгаа бөгөөд энэ нь АНУ-ын долларт цаашдын дарамт учруулж, алтны үнийг улам өсгөх боломжтой.
Алтны зах зээлд шинээр орж ирж буй хөрөнгө оруулагчид
Гэхдээ шинжээчид алтны одоогийн өсөлт зөвхөн эрсдэлээс зугтахтай холбоотой биш, харин зах зээлд шинээр орж ирж буй хөрөнгө оруулагчидтай ч шууд холбоотой гэж үзэж байна. Олон шинжээч алтанд суурилсан биржээр арилжаалагддаг сангууд (ETF)-ын эрэлт эрс нэмэгдэж, улам олон, илүү өргөн хүрээний хөрөнгө оруулагчид алтанд хөрөнгө оруулах болсныг онцолжээ.
“ETF-ийн эрэлт ийм хүчтэйгээр дахин гарч ирсэн нь алтны зах зээлд хоёр төрлийн түрэмгий худалдан авагч бий болгож байна. Нэг нь төв банкууд, нөгөөх нь ETF-ийн хөрөнгө оруулагчид” гэж Deutsche Bank-ийн шинжээчид дурдсан байна.
Алтыг төв банкууд олон жилийн турш худалдан авч ирсэн ч шинэ ETF-ийн эрэлт нь одоогийн өсөлтийг улам дэвэргэжээ. Алтны салбарын олон улсын байгууллага болох Дэлхийн Алтны Зөвлөл 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр мэдэгдэхдээ, дэлхийн хэмжээнд алтанд суурилсан ETF-үүдийн удирдаж буй хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд хоёр дахин өсөж, түүхэн дээд түвшин болох 559 тэрбум ам.долларт хүрснийг баталсан байна.
Тус зөвлөл энэ өсөлтийг аюулгүй хөрөнгийн эрэлт нэмэгдсэн, мөн үнэ огцом өсөж байгааг харсан хөрөнгө оруулагчид даган худалдан авалт хийсэн явдал, АНУ-ын долларын сулралтай холбон тайлбарлажээ.
Шинжээчид цаашдын өсөлтийн орон зай хэвээр байна гэж харж байна. Өнгөрсөн долоо хоногт Goldman Sachs оны эцсийн таамгаа унц нь 5,400 ам.доллар болгон нэмэгдүүлж, төв банкуудын идэвхтэй худалдан авалт дээр нэмэгдээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өсөж буйг онцолжээ.
Societe Generale-ийн шинжээчид бүр илүү зоримог таамаг дэвшүүлж, алт унц нь 6,000 ам.доллар хүрнэ гэж үзсэн бол Morgan Stanley 5,700 ам.доллар гэсэн өөдрөг зорилтыг дэвшүүлсэн байна.