Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Францад 15-аас доош насныхан сошиал сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна

Францад 15-аас доош насныхан сошиал сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
Нийтэлсэн 20 минутын өмнө
Францын Үндэсний Ассамблей 15-аас доош насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглох анхны алхмыг хийлээ. Энэхүү санаачилгыг Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэмжиж байгаа аж.
Доод танхимын гишүүд даваа гарагт хуулийн төслийн гол заалтуудыг дэмжсэн бөгөөд одоо бүрэн эхийг нь хэлэлцэн санал хураахаар төлөвлөж байна гэжээ. Гэхдээ уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болохын тулд дээд танхим болох Сенатаар мөн батлагдах ёстой. Хэрэв хууль батлагдвал 15-аас доош насны өсвөр үеийнхэн Snapchat, Instagram, TikTok зэрэг сошиал сүлжээг ашиглах боломжгүй болно.
Францын энэхүү алхам нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сошиал сүлжээ сөргөөр нөлөөлж буй талаарх нотолгоо нэмэгдэж буйтай холбоотойгоор дэлхий даяар ажиглагдаж буй хандлагын нэг хэсэг юм. Үүнтэй төстэй хуулийг Австрали өнгөрсөн оны сүүлээр баталсан.
Ерөнхийлөгч Макрон уг хоригийг ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа мэдэгдээд буй. Тэрээр “Бид хүүхдүүдийнхээ сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг тэднээс ашиг олж мөнгө хийхээс өөр зорилгогүй хүмүүсийн гарт үлдээж болохгүй” хэмээн өнгөрсөн сард хэлж байв.
Шинэ хуулийн төслийн дагуу улсын хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллага өсвөр насныханд хортой гэж үзсэн сошиал сүлжээнүүдийн жагсаалтыг гаргана. Эдгээр сүлжээг 15-аас доош насныханд бүрэн хориглох юм. Харин харьцангуй бага хор хөнөөлтэй гэж үзсэн өөр жагсаалтад багтах сайтуудыг эцэг эхийн ил тод зөвшөөрлөөр ашиглах боломжтой байх аж. Уг хуулийн төсөл батлагдах магадлал өндөр гэж үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хуулийн төсөлд мөн ахлах сургуулиудад гар утас ашиглахыг хориглох заалт багтжээ. Энэ хориг аль хэдийн бага, дунд сургуулиудад хэрэгжиж эхлээд байна.
Европт Дани, Грек, Испани, Ирланд улсууд Австралийн жишгийг дагах боломжийг судалж байгаа бол Их Британийн засгийн газар энэ сарын эхээр 16-аас доош насныханд сошиал сүлжээ хориглох талаар олон нийтийн зөвлөлдөх үйл явцыг эхлүүлжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн