Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Хятадын хоёр генерал төрийн эргэлт хийх оролдлого хийсэн байж болзошгүй талаар мэдээллээ

Хятадын хоёр генерал төрийн эргэлт хийх оролдлого хийсэн байж болзошгүй талаар мэдээллээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 26
БНХАУ-ын цэргийн дээд удирдлагад томоохон өөрчлөлт орж, Төв Цэргийн Комиссын дэд дарга Жан Юся болон Төв Цэргийн Комиссын гишүүн, Ардын Чөлөөлөх Армийн жанжин штабын дарга Лю Жэньли нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээллүүд амралтын өдрүүдээр олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн.
Хятадын Батлан хамгаалах яамны албан мэдэгдэлд дээрх хоёр албан тушаалтныг сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хууль зөрчсөн үйлдэлд сэжиглэн шалгаж байгаа хэмээн дурдсан ч, зарим эх сурвалжид бодит шалтгаан нь улс төрийн шинжтэй байж болзошгүй тухай мэдээллүүд гарч байна.
Эх сурвалжууд Жан Юся, Лю Жэнли нар төрийн эргэлт хийх оролдлого хийсэн хэргээр баривчлагдсан хэмээн мэдээлж байна. Хуучин БНХАУ-ын Коммунист Намын албан тушаалтан Ду Вэнийн мэдэгдлээс үзвэл Жан Юся, Лю Жэнли нар “нам, улсаа аврахын төлөө” хэмээх нэрийн дор цэргүүдийг хөдөлгөж, Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан ч тэднийг ойрын хүмүүс нь урьдчилж илчилсэн гэжээ.
undefined
Харин The Wall Street Journal сонинд бичсэнээр, Жан Юся нь Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой мэдээллийг АНУ-д задруулсан, мөн албан тушаалын хүрээнд хахууль авсан, тэр дундаа нэгэн офицерыг Батлан хамгаалахын сайд болгоход нөлөөлсөн хэрэгт буруутгагдсан байна. Уг мэдээлэл нь өндөр түвшний хаалттай танилцуулгад оролцсон эх сурвалжуудаас авсан гэжээ.
Жан Юся нь Ши Жиньпиний удирддаг Төв Цэргийн Зөвлөлийн (ТЦЗ) дэд дарга, өөрөөр хэлбэл зэвсэгт хүчний шатлалд Ши Жиньпиний дараах хоёр дахь хүн хүн бөгөөд олон жилийн турш Ши Шиньпиний армийн хүрээн дэх хамгийн ойрын холбоотонд тооцогдсоор ирсэн. Жан Юся нь эрх баригч Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд бодит байлдааны туршлагатай цөөн генералуудын нэг юм.
Ши Жиньпин 2012 онд төрийн эрх мэдэлд гарснаас хойш өргөн хүрээтэй авлигын эсрэг бодлогоо тасралтгүй хэрэгжүүлж буй. Ингэхдээ Ардын Чөлөөлөх Армийн дээд шатны удирдлагыг авлигын эсрэг цэвэрлэгээний гол бай болгосоор иржээ. Албан ёсны тайлбарт Бээжин уг бодлогыг “авлигыг үндсээр нь таслан зогсоох”, “Хятадын Коммунист Нам болон төрийн удирдлагад үнэнч, сахилга баттай тогтолцоог бэхжүүлэх” зорилготой хэмээн тодорхойлдог.
Харин гадаад, дотоодын олон шинжээчийн дүгнэлтээр, энэхүү бодлого нь зөвхөн авлигатай тэмцэхээс гадна нөлөө бүхий өрсөлдөгч фракцуудыг сулруулах, Ши Жиньпиний хувийн эрх мэдлийг төвлөрүүлэх, ялангуяа түүний шууд удирддаг Цэргийн төв зөвлөлөөр дамжуулан армид туйлын хяналт тогтоох стратегийн нэг хэсэг байж болзошгүй аж.
Сингапурт төвтэй Хятадын аюулгүй байдлын шинжээч Жэймс Чарын хэлснээр, цэргийн өдөр тутмын ажиллагаа цэвэрлэгээний үеэр ч хэвийн үргэлжилж чадна. Харин Жан Юсяг онилсон нь Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлыг “хэт сонгомол байна” гэсэн шүүмжлэлд хариу өгч буй дохио гэжээ.
“Ши Жиньпин чөлөөлөгдсөн албан тушаалуудыг түр хугацаанд хоёрдугаар эгнээнд байсан офицеруудаар орлуулж байна” гэж С.Ражаратнамын Олон улсын судалгааны сургуулийн судлаач Чар тайлбарлав.
Мөн зарим эх сурвалжуудын мэдээлснээр армийн бүх анги нэгжүүдийг дайны түвшний бэлэн байдалд шилжүүлж, бүх цэргийн хөдөлгөөн бүрэн зогсоожээ. Түүнчлэн Засгийн эргэлтийн оролдлого бүрэн бүтэлгүйтсэн гэж мэдэгдэж байгаа аж. Зарим ажиглагч уг үйл явдлыг Мао Зэдуны үеэс хойших Хятадын армид болсон хамгийн том цэвэрлэгээ хэмээн тодорхойлж байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн