Open iToim app
Спорт | 2 мин уншина

Монголын уулын цана өвлийн олимпод

Монголын уулын цана өвлийн олимпод
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 21
Монгол Улс өвлийн олимпын наадамд оролцож эхэлснээс хойш 62 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд манай улс гүйлтийн цана, биатлон, тэшүүр зэрэг төрлөөр өвлийн олимпод тогтмол оролцож ирсэн бол уулын цанын төрөлд энэ жил анх удаа олимпын эрхээ аваад байна.
Өдгөө 20 настай А.Ариунбатын хувьд 2025 онд олон улсын цанын холбооны олимпын эрхийн таван цуврал тэмцээнд оролцож, нийт олимпын шаардлагад тохирох 5 гарааны дундаж 108,2 оноо авснаар “Милан Кортина 2026” өвлийн Олимпын наадамд оролцох эрх авсан юм. Ийнхүү тэрээр Монголын түүхэнд уулын цанын спортоор олимпын эрх авсан анхны тамирчин болсон билээ.
undefined
Уулын цана 1936 оноос Өвлийн Олимпын төрөлд багтсан бөгөөд Австри, Швейцар, Франц, Итали, Норвеги зэрэг улсууд энэхүү спортын хөгжлөөр тэргүүлсээр ирсэн. Энэ спорт нь хурд, техник, айдсаа дарах чадвар, хөлийн булчингийн хүч шаарддаг ба тодорхой замыг хамгийн богино хугацаанд, тугийг алгасалгүй туулж барианд ордог спорт юм.
Уулын цана нь Монголд харьцангуй шинэ, дэд бүтэц багатай спортын төрөл юм. Гүйлтийн цана, биатлонтой харьцуулахад тамирчны тоо цөөн, уулын бааз дутмаг бөгөөд өндөр уул, стандарт зам, мэргэжлийн дасгалжуулагч, санхүүжилтийн асуудал зэргээс шалтгаалан өмнө нь олимпын түвшинд өрсөлдөх боломж хомс байв. Гэсэн ч сүүлийн гурван жилд залуу тамирчид гадаадад бэлтгэл хийж, олон улсын цанын холбооны оноо цуглуулан, олон улсын тэмцээнд тогтмол оролцох болсон нь бодит ахиц авчирсан юм. 
Харин А.Ариунбатын хувьд “Скай ресорт” цанын бааз болон Богд уул орчим Солонгосын мэргэжилтэн Чан Ин Суб, шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэн нарын удирдлага дор бэлтгэлээ базаажээ. А.Ариунбатын олимпын эрх нь зөвхөн нэг тамирчны амжилт бус, Монголын өвлийн спорт, тэр дундаа уулын цанын хөгжлийн шинэ эхлэл болж байна.
undefined
Монгол залуусын дунд уулын спортыг сонирхох хүрээлэл нэмэгдсэнээр шинэ төрөлд залуу тамирчид олноор төрөн гарах болсон юм. “Ганвон 2024” залуучуудын өвлийн олимпын IV наадамд М.Манлайжав, Х.Халиун нар өрсөлдөж, уулын цаначдын эхлэлийг тавьсан билээ.
Энэ удаагийн өвлийн олимп хоёрдугаар сарын 6-22 өдрүүдэд Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад болно. Хоёр хот хоорондоо 420 км зайтай бөгөөд түүхэндээ хамгийн өргөн газар нутгийг хамарсан олимпуудын нэг болж байгаараа онцлог юм.
90 гаруй улсын 3,500 гаруй тамирчин өрсөлдөх ба манай улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах,  Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар олимпод өрсөлдөнө.
Бэлтгэсэн Б.Мөнхзул
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн