Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар "Ажил амралтын цагийн зохицуулалтын тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд хоёрдугаар сарын 17 буюу битүүний өдрийг амралтын өдөр болгох зохицуулалтыг хийсэн байна.
Тэрээр "Битүүний өдөр ажлаа хийх хэцүү, баяртаа бэлдмээр байдаг зэрэг нөхцөл байдалд үүсдэг. Тиймээс битүүний ажлын өдрийг амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж байна. Ингэхдээ хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт нөхөн ажиллахаар зохицуулж, Засгийн газрын тогтоол гаргаж байна.
Цагаан сар бол монголчуудын үндэсний уламжлалт баяр бөгөөд энэ үеэр өв, түүх соёлоо дээдэлдэг, ах дүү хамаатан садантайгаа танилцдаг, золгодог эртний түүхэн уламжлалыг ёс төртэй хийх, үр хойчдоо өв соёл, түүхээрээ бахархдаг байх өвийг үлдээх зорилгоор битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргаж байна. Мөн ард иргэдэд эртнээс ажил, амралтаа зохицуулах боломжийг олгох нь зүйтэй гэж үзлээ. Цаашдаа УИХ дээр Цагаан сарын битүүний өдөр, шинэ жилийн баярын 31-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн зохицуулалт хийхээр яригдаж байгааг мөн дуулгая.
Хоёрт, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ жил орон даяар тэмдэглэх шийдвэр гарлаа. Энэ хүний бүтээсэн, туурвисан, зохиосон бүтээл нь ард олны аж амьдралд ч үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тиймээс энэ хүнийг алдаршуулж, оюуны бүтээлийг нь утга зохиол, урлагаар дамжуулан олон түмэнд хүргэх ажлыг Соёл спорт аялал жуулчлалын яам зохион байгуулахыг үүрэг даалгавар болголоо.