Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулаад дуусжээ. Яамдаас санал аваад ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэх юм байна. Тус хуулийн төслийг 2020 онд одоогийн УИХ-ын дарга Н.Учрал нарын гишүүд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байсан ч батлуулаагүй буцаан татсан байдаг.
Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага ажилтнуудаа хамруулсан хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулсан байдаг аж. Тухайлбал, Голомт банкны дэргэдэх Тэтгэврийн ууган сан ТББ, Ард санхүүгийн нэгдлийн охин компани болох Ард лайф ХХК, Нэйшнл лайф урт хугацаат даатгалын компанийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ. Тиймээс иргэдэд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа практикт бий болсон боловч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдсан эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү хуулийг боловсруулсан байна. Дэлхийн нийтэд цалингийнхаа 2-4 хувийг хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлуулдаг жишиг байдаг бол манай улс хоёр хувь байх хувилбарыг хуулийн төсөлд тусгажээ. Тус хуулийг баталснаар иргэд НДС-аас тэтгэвэр авахаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлуулсан сангаасаа тэтг
эвэр авах боломж бүрдэнэ. Мөн тус тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан авах боломжийг хуулиар олгох аж. Гэхдээ энэ нь зөвхөн сайн дурын үндсэн дээр хэрэгжинэ.