Голомт банк БНЭУ-ын хамгийн том арилжааны банк болох HDFC Bank Ltd-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, тус банканд ам.долларын данс нээснээр Голомт банкны харилцагчид Энэтхэг улс руу ам.долларын гүйлгээг шууд хийх боломжтой боллоо. Цаашлаад Монгол болон Энэтхэг улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ дэд бүтцийг бий болгож, улмаар иргэд, байгууллагын гадаад гуйвуулгыг илүү хурдан, найдвартай, хямд болгох юм.
Энэхүү хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:
“Голомт банкны гадаад гүйлгээ, төлбөр тооцооны цар хүрээ олон улсад нэр хүндтэй арилжааны банкны хамтын ажиллагаагаар өргөжин тэлж буйд баяртай байна. Дотоодын бизнес эрхлэгчдэд Энэтхэг улсын зах зээл нээгдэж байгаагаас гадна Монгол болон Энэтхэг улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр томоохон арилжааны банкнууд ийнхүү хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн худалдааны эргэлтийг дэмжих, нэмэлт санхүүгийн зардлыг бууруулахад чухал үүрэгтэй ба хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна” хэмээв.
2025 онд Голомт банк Монгол Улсаас гадаад руу илгээсэн нийт ам.долларын гүйлгээний тоогоор 35 гаруй хувийг, дүнгээр 45 гаруй хувийг дангаараа хийж гүйцэтгэлээ. Одоогоор Ази, Ойрх Дорнод, Европ болон Их Британи зэрэг олон улсын 27 санхүүгийн байгууллагатай хамтран 15 валютын төрлөөр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, дэлхийн жишигтэй нийцэхүйц харилцагчийн туршлагыг бий болгон ажиллаж байна.