Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Сурвалжилга: "Гэгээ"-ийн сэтгэл шингэсэн тусламж эздэдээ хүрлээ

Сурвалжилга: "Гэгээ"-ийн сэтгэл шингэсэн тусламж эздэдээ хүрлээ
Нийтэлсэн 1 минутын өмнө
Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх барихын эмнэлгийн нэгдсэн нярайн тасагт нийслэлийн ерөнхий боловсролын Гэгээ сургуулийн сурагчид нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлалаа. Гэгээ сургуулийн сурагчид өнгөрсөн жил мөн ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг зургаан нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, компьютер хандивлаж байсан бөгөөд уг үйл ажиллагааг манай сайт тухайн үед сурвалжилж байсан билээ.
Энэ удаагийн сайн дурын хандивын үйл ажиллагаанд тус сургуулийн Нарны зам болон Яармаг дахь хоёр салбарын нийт сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд нэгдэн, халуун сэтгэлээр оролцжээ. Хандивын үеэр эх, хүүхдийн төлөө тасралтгүй ажиллаж буй ЭНЭҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд Гэгээ сургуулийн хамт олон болон хандивт оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, хандивласан тоног төхөөрөмжүүд нь нярай хүүхдүүдэд бодитой тус дэм болно гэдгийг онцлон хэлсэн юм.
undefined
ЭНЭҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг: Манай Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх барихын эмнэлгийн нэгдсэн нярайн тасагт Гэгээ сургуулийн сурагчид өөрсдийн чин сэтгэлийн дуудлагаар ирж, бидэнд нэн шаардлагатай байсан хоёр төрлийн аппаратыг тус бүр хоёрыг хүлээлгэн өглөө. Тэд хувийн хэрэглээ, шинэ жилийн бэлгээ хойш тавьж, мөнгөө хуримтлуулан гамнаж, дээрээс нь эцэг эхийнхээ дэмжлэгээр манай эмнэлэгт үнэхээр хэрэгцээтэй, чухал тоног төхөөрөмжийг бэлэглэсэнд бид туйлын их баяртай байна.
Бид сурагч нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ эмнэлгийн орчноо танилцуулж, хийж буй ажлынхаа онцлогийг ойлгуулахыг зорьсон. Цаашдаа эдгээр хүүхдүүдтэй хамтын ажиллагаатай байж, мэргэжил сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, зөв чиглүүлэх тал дээр хамтран ажиллах болно. Ийм сайхан сэтгэл, ухамсрыг тээж яваа хүүхдүүд ирээдүйд хэн нэгний амь нас, эрүүл мэндийн төлөө зогсох сайн хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна.
undefined
Гэгээ сургуулийн нарны зам салбарын нийгмийн ажилтан Г.Ариунзаяа: Бид Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ирээд байна. Нийслэлийн ерөнхий боловсролын Гэгээ сургууль нь Нарны зам болон Яармаг гэсэн хоёр салбартай.
Өнөөдрийн энэхүү хандивын үйл ажиллагааг хоёр салбарын бүх сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, мөн багш ажилчид маань нэгдэн, халуун сэтгэлээр зохион байгууллаа. Манай сургууль жил бүр арванхоёрдугаар сард нийтээрээ хандивын сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд ч мөн адил ЭНЭҮТ-д яаралтай хэрэгцээтэй байсан тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байсан.
Энэ удаагийн хандив онцлогтой. Учир нь сурагчид маань өөрсдөө судалгаа хийж, Улаанбаатар хотын хэмжээнд аль эмнэлэгт илүү хэрэгцээ шаардлага тулгамдаж байгааг тодорхойлсны үндсэн дээр эмнэлгээ өөрсдөө сонгосон. Үүний дараа эх, нярайн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа ямар тоног төхөөрөмжүүд хэрэгтэй вэ гэдгийг судалж, хандивынхаа мөнгийг босгосон. Ингээд бид бүгд халуун сэтгэлээр нэгдэн, амьсгалын аппарат, хүчилтөрөгч дэмжигч, холигч аппаратуудыг эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Энэхүү сайн дурын хандивын аян нь хүүхдүүд төдийгүй суралцагчдын маань энэрэнгүй сэтгэл, хүнлэг зан, нийгмийн хариуцлагатай байх хандлага, төлөвшлийг илүү суулгаж өгнө гэж итгэж байна. Мөн энэ завшааныг ашиглаад эх, хүүхдийн төлөө тасралтгүй ажиллаж буй ЭНЭҮТ-ийн нийт эмч, эмнэлгийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өргөсөн хандивын тоног төхөөрөмжүүд нь эмч нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж, нярай хүүхдүүдэд бодитой тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хандивын үйл ажиллагааг дэмжин хамтран оролцсон сургуулийн багш нар, сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Гэгээ сургуулийн нарны салбарын 10а ангийн сурагч Э.Анударь: Ийм жижигхэн, нялх хүүхдүүдэд тусалж чадсандаа үнэхээр их баяртай байна. Энэхүү хандивын цаана зөвхөн би ганцаараа биш, манай сургуулийн хоёр салбарын нийт сурагчид, багш нар, ажилчид бүгд нэгдэж, энд байгаа хүүхдүүдэд тусламж хүргэсэндээ туйлын их баяртай байна.
Нийт сурагчдаа төлөөлөн ийнхүү яриа өгч байгаадаа ч бас баяртай байна. Хандивын үйл ажиллагаанд оролцох нь бид бүхэнд үнэхээр сайхан мэдрэмж төрүүлсэн. Би өөрөө доороо дүү нартай. Миний дүү нар ч бас нэгэн цагт ийм нялх байсан. Дотогш орж, эдгээр бяцхан хүүхдүүдийг харахад яг л дүү нараа харж байгаа мэт санагдсан. Тиймээс тэдэнд тусалж байна гэж бодохоор сэтгэлд минь маш дулаахан, их баяртай мэдрэмж төрсөн. Энэ бол бидний хувьд зүгээр нэг хандив биш, харин чин сэтгэлээсээ хийсэн, утга учиртай үйл ажиллагаа байлаа.
undefined
Гэгээ сургуулийн нарны зам салбарын сурагч Д.Батсаруул: Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ирж, амьсгалын аппарат бэлэглэснээр сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Ядаж нэг ч гэсэн хүүхдэд тусалж чадлаа гэж бодохоор сэтгэл маш гоё байгаа. Хүнд тусалж байгаа тэр мэдрэмжийг авах үнэхээр сайхан байлаа.
Дотор орж, тэр жоохон нярай хүүхдүүдийг харахад үнэхээр их өхөөрдөм санагдсан. Тиймээс энэ хандивын нэг хэсэг болж чадсандаа бүр ч их баяртай байна. Би энэ жил шинэ жилийн бэлэг авахаас илүүтэйгээр, тэр мөнгөө хуримтлуулж, хэрэглээгээ танан, энэхүү хандивт оролцохоор шийдсэн. Ердийн шинэ жилийн бэлэг гэвэл чихэр, жимс аваад л идээд дуусна. Харин миний бэлэг бусдад бодитоор хэрэгтэй, амь насыг нь аварч болох зүйл болж очих нь надад илүү чухал санагдсан. Тиймээс энэ бэлгийг яг хэрэгтэй үед нь, үр бүтээлтэй ашиглагдаасай гэж хүссэн.
undefined

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн