Судлаач, шинжээч, бодлого боловсруулагчдын дунд олон улсын тогтолцоо гүнзгий өөрчлөлтийн үе шатанд орсон гэсэн өргөн хүрээний ойлголт бүрэлдээд байна. Өнөөгийн геополитик нь нэг л үзэл суртал, эсвэл тодорхой хүчний тэнцвэрээр тодорхойлогдохоо больж, харин хуваагдал, тодорхойгүй байдал, эдийн засаг–технологи–аюулгүй байдлын огтлолцолоор тодорхойлогдох болжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар дэлхий ердөө аюултай болоогүй, харин илүү нарийн төвөгтэй болсон бөгөөд хүч, хамтын ажиллагаа, дэлхийн манлайллын талаарх уламжлалт ойлголтууд ноцтой сорилтод орсоор байна. Үүнийг дэлхийн нэр хүндтэй судлаачид, шинжээчид хэрхэн тайлбарлаж байгааг доор авч үзье.
Геополитик судлаач Гленн Дизен
Гленн Дизен Орос–Украины дайныг дан ганц хоёр улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөн гэж бус, харин НАТО болон Оросын хоорондын стратегийн хүчний сөргөлдөөн хэмээн тайлбарладаг. Түүний үзэж байгаагаар Украин нь их гүрнүүдийн ашиг сонирхлын огтлолцолд орж, прокси дайны талбар болсон улс юм. НАТО зүүн тийш тэлсэн нь Оросын аюулгүй байдлын айдсыг нэмэгдүүлсэн ч, Украиныг довтлох шийдвэр нь Кремлийн хувьд стратегийн ноцтой алдаа байсан гэдгийг Дизен мөн онцолдог. Энэ тайлбар нь дайныг ёс суртахуун, буруутгалын өнцгөөс бус, олон улсын хүчний бүтцийн логикоор харж буй реалист чиг хандлагыг илэрхийлнэ.
Оросын дотоод академик хүрээний байр суурь
Оросын зарим улс төр судлаач уг дайн нь өрнөдийн дарамтад хариу барьж буй урт хугацааны стратегийн тэмцэл хэвээр байна. Тэд АНУ-ын аюулгүй байдлын баталгаанд найдах нь тогтворгүй байдал, бүр цөмийн зөрчилд ч хүргэж болзошгүй гэж анхааруулж, Оросын стратегийн хүрээнд Украины зүүн болон өмнөд хэсгийг хянах зорилго одоогоор өөрчлөгдөөгүй байгааг онцолдог. Энэ нь энхийн хэлэлцээ ойрын хугацаанд биелэхэд хүндрэлтэй хэвээр байгааг илтгэнэ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен
Тэрээр Барууны дотоод хагарал нь Украины дайнд Оросын байр суурийг шууд бэхжүүлж болзошгүй гэж үздэг. Тэрбээр АНУ-ын геополитикийн зарим алхам, тухайлбал Гренландын асуудал нь НАТО-гийн эв нэгдлийг сулруулж, стратегийн анхаарлыг сарниулах аюултайг анхааруулсан байдаг.
Иран дахь эсэргүүцлийн хөдөлгөөн — Дотоодоосоо дэлхийд нөлөөлөх нь
Иран дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг олон улсын түвшинд энгийн дотоод асуудал гэж үзэхээ больж, өргөн хүрээний геополитикийн утгаар тайлбарлаж эхэлсэн. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ираны ард түмний тэмцлийг “эрх чөлөөний төлөөх дэлхийн тэмцлийн нэг хэсэг” хэмээн тодорхойлж, олон улсыг идэвхтэй дэмжихийг уриалсан нь үүний илрэл юм.
Судлаачдын үзэж байгаагаар Иран дахь тогтворгүй байдал нь Оросын чухал түншүүдийн нэгийг сулруулж, Украинд ашиглагдаж буй зэвсэг, дрон нийлүүлэлтэд ч нөлөөлөх боломжтой. Ийнхүү нэг улсын дотоод эсэргүүцэл нь бусад бүс нутгийн аюулгүй байдал, дайн мөргөлдөөнд хүртэл шууд нөлөөлж болохыг харуулж байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог баривчилсан явдал — Дэг журмын өөрчлөлтийн дохио
Натали Сабанадзе, Кристофер Сабатини
АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан явдлыг судлаачид Хүйтэн дайны дараах дэлхийн дэг журам задарч, нөлөөллийн бүсүүд дахин тодорч эхэлсний илрэл гэж үзэж байна. Chatham House-ийн шинжээч Натали Сабанадзе Орос Украинд анхаарлаа төвлөрүүлсний улмаас Венесуэл зэрэг холбоотнуудаа бүрэн хамгаалах чадвар нь суларсныг энэ явдал харууллаа гэж дүгнэжээ.
Харин Кристофер Сабатини АНУ ийм алхам хийснээр Венесуэлийн ирээдүйн улс төрийн тогтвортой байдал, үр дагаврын хариуцлагыг өөр дээрээ авлаа хэмээн анхааруулсан. Энэ нь АНУ бүс нутагт богино хугацааны бус, урт хугацааны оролцоонд орж болзошгүйг илтгэнэ.
Трампын Гренландыг авах санаачилга — Хүчний улс төр рүү буцах нь
Chatham House-ийн судлаачдын үзэж байгаагаар АНУ Гренландыг өөртөө нэгтгэх оролдлого нь олон улсын эрх зүй, төрийн бүрэн эрхийн суурь зарчмуудад сорилт болж байна. Энэ нь зөвхөн Дани, Европын асуудал бус, харин НАТО-гийн дотоод эв нэгдэл, итгэлцэлд сөргөөр нөлөөлөх геополитикийн алхам гэж тэд дүгнэдэг.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен
Андерс Фог Расмуссен Трампын Гренландын талаарх мэдэгдлүүдийг геополитикийн “хэрэгсэл” болгож байна хэмээн шүүмжилж, энэ нь Украины дайн зэрэг илүү ноцтой аюул заналхийллээс дэлхийн анхаарлыг сарниулж байгааг онцолсон.
Судлаачдын нийтлэг дүгнэлтээс харахад эдгээр үйл явдлууд нь тус тусдаа тохиолдол бус, харин олон туйлт, хүч дээр суурилсан шинэ дэлхийн дэг журам руу шилжиж буй шилжилтийн үеийн илрэл юм. Орос–Украины дайн их гүрнүүдийн стратегийн мөргөлдөөнийг, Иран дахь эсэргүүцэл дотоод хөдөлгөөн гадаад бодлогод хэрхэн нөлөөлж болохыг, Венесуэлийн кейс нөлөөллийн бүсүүд эргэн сэргэж буйг, харин Гренландын асуудал либерал олон талт тогтолцоо сулран, илүү арилжааны шинжтэй хүчний улс төр давамгайлж эхэлснийг харуулж байна.