Монголбанкнаас баасан гарагт мэдээлэл хийж, хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа 50 байсныг 45 хувь болгож буйгаа зарласан. Өөрөөр хэлбэл, орлогынх 50 хувиар барьцаалж зээл олгодог байсныг 45 хувь болгож буурууллаа. Гол шалтгаан нь иргэдийн хэрэглээний зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн учраас Төв банк зээлийг хязгаарлах шийдвэрийг гаргаж байгаагаа тайлбарласан.
Иргэдийн авдаг хэрэглээний зээлийн хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд нь цалин, тэтгэврийн зээл, лизингийн үйлчилгээ байдаг. Эрх баригчид нь "эдийн засаг 6.4 хувийн өслөө, бид сайн ажиллалаа" гэнэ. Гэтэл нөгөө талд өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсөж байгаа чраас иргэд цалингаараа хэрэглээгээ хангаж чадахгүй зээл авч буй. Хэрэглээний зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн гэдэг тоо бол зөвхөн банкнаас авч буй хэрэглээний зээл. Иргэд банкнаас гадна банк бус, аппликейшнаас хэрэглээний зээл авдаг. Харин Төв банк аппликейшнаас авч байгаа хэрэглээний зээлийг хянаж, тооцож чаддаггүйг УИХ-ын гишүүд чуулганы танхимаас хэлж байсан.
Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авснаас хойш өгч байгаа ярилцлага, байр суурь бүрдээ эдийн засаг өсөлттэй байгааг хэлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт өгсөн мэдээлэлдээ тэрээр "2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засаг унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Ам.долларын ханш 4000 төгрөг давах, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн. Эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давах дүнтэй байна. Ам.долларын ханш 3600 төгрөг давсан байсан одоо 3550 төгрөг болж буурсан. Төгрөгийн ханш чангарлаа. 15 хувь хүрч өсөж байсан инфляц 8.2 хувь болж буурлаа. Авсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг бодитой сайжирч байгааг илэрхийлэх тоонууд. Дотоодын статистик ийм байхаас гадна дэлхий Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ. Унаж байсан эдийн засаг өссөн. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн" гэсэн юм.
Ерөнхий сайд нь эдийн засаг өсөлттэй байгаа гэж хэлээд байгаа ч бодит байдал дээр иргэд цалин, орлогоороо хэрэглээгээ хангаж дийлэхгүй болж хэрэглээний зээл авч байна. Энэ нь манай улсын хэрэглээний зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн үзүүлэлт нотолно. Хэрэглээний зээл өсөх нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Гэхдээ банкнаас олгодог хэрэглээний зээлийг хязгаарлах нь иргэдийг өндөр хүүтэй банк бус, аппликейшны зээл авахад хүргэнэ. Учир нь банк бус, аппликейшны зээл авахад банк шиг өндөр шаардлага тавихгүй. Харин маш өндөр хүүтэй. Өндөр хүүтэй зээл авах нь иргэдэд эргээд эдийн засгийн дарамт болно.
Тиймээс эдийн засаг өсөлттэй байгаа гэж ярих бус эдийн засгийн өсөлтөө иргэдийнхээ, айл өрхийнхөө амьдралд хүргэмээр байна. Цалин, орлого нь амьдралд нь хүрэлцээтэй бол иргэд зээл авч хэрэглээгүй хангахгүй.