Open iToim app
Ярилцлага | 10 мин уншина

Б.Ариунзул: Хүний дотоод зүрх сэтгэл болон гадаад төрхийг уялдуулах нь миний ажил

Б.Ариунзул: Хүний дотоод зүрх сэтгэл болон гадаад төрхийг уялдуулах нь миний ажил
Нийтэлсэн 54 минутын өмнө
Мэргэжлийн стилист Б.Ариунзултай ярилцлаа. Тэрээр телевизийн салбарт найман жил ажиллаад декретэд гарсан хугацаандаа өөрийн сонирхол, хоббиг олж нээсэн нь нүүр будалт байв. Өөрийн дуртай зүйлээ хийж сурах нь илүү үр дүнтэй гэдгийг өөрийн туршлагаар ойлгосноор Монголдоо мэргэжлийн мэйкап артистын сургалтад хамрагджээ. Ажилдаа эргэн орсны дараа өөрийн гадаад төрх, имиджид өнгө ямар чухал нөлөөтэйг анзаарч эхэлсэн байна. Бор өнгийн нүдний тениэс илүү ягаан өнгө түүнд зохиж, мөн ягаан өнгийн хувцас өмсөхөд илүү сайхан харагдаж байгааг олж харснаар өнгө гэдэг ойлголтод илүү анхаарах болсон аж.
Ийнхүү өнгө, имиджийн чиглэлээр мэргэших хүсэлтэй болж Монголд энэ чиглэлийн сургалт ховор байснаас Токиогийн олон улсын академийг зорьж, амжилттай төгсжээ. Одоо тэрээр эзэмшсэн мэдлэг, туршлагадаа тулгуурлан имиджийн зөвлөгөө өгөх сургалтуудыг зохион байгуулж, хүмүүст өөртөө тохирсон өнгө, дүр төрхөө олж нээхэд нь тусалж байна.
-Хувийн өнгө гэж яг юуг хэлдэг вэ. Энэ нь хүний арьс, нүд, үсний өнгөтэй хэрхэн уялддаг талаар мэргэжлийн талаас тайлбарлаж өгнө үү?
-Хувийн өнгө гэдэг ойлголт нь хүнийг байгалиас заяасан, байгалийн нэг хэсэг хэмээн үзэхээс эхэлдэг. Учир нь хүний бие өөрөө гэрлээс бүрдсэн гэж хэлж болох бөгөөд хорвоо ертөнц дэх гэрэл үндсэндээ хоёр туяанд хуваагддаг. Тэдгээр нь хөх туяа болон шар туяа юм. Нарны гэрэл ч мөн адил энэ хоёр туяаг агуулж байдаг. Үүнтэй адил хүний арьс өөрөөсөө хөх туяа эсвэл шар туяаг илүү тод ялгаруулдаг. Энэ ялгааг л хувийн өнгө хэмээн тодорхойлдог. Хүмүүс би өвөл, би зун гэж ярьдаг нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хөх туяатай бүх өнгийг өвлийн болон зуны өнгө хэмээн ангилдаг бол шар туяатай бүх өнгийг хаврын болон намрын өнгө гэж нэрлэдэг.
Олон хүн яагаад улирлын нэр өгдөг юм бол гэж гайхдаг. Энэ нь нарны тусгал, байгалийн гэрлийн өөрчлөлттэй шууд холбоотой. Тухайлбал, зуны улиралд нар маш хүчтэй, цагаан өнгийн гэрэл тусгадаг. Зун өөрөө дулаан улирал боловч зуны өнгийг хүйтэн гэж нэрлэдгийн учир нь цагаан гэрлийн суурь туяа нь хөх өнгөтэй байдагтай холбоотой. Харин намрын улиралд навчис шаргалтаж, нарны гэрэл улбар шар туяатай болж эхэлдэг. Үүний цаана шар өнгийн буюу дулаан туяа давамгайлж байдаг. Ийнхүү хүний арьсны өнгө, хувийн өнгө нь өөрөөсөө ялгаруулж буй туяагаараа ижилсэж, улирлын өнгөөр хоёр, хоёроороо хуваагддаг. Үүн дээр нэмээд өнгө нь цайвар, бүдэг үү эсвэл гүн, тод уу гэдгээрээ дахин нарийсдаг.
Жишээлбэл, би өөрөө зуны хүйтэн өнгөтэй. Зуны өнгийн ангилалд улаан өнгө багтдаг ч улаан өнгө бусад улиралд ч байдаг. Гэхдээ улирал бүрийн улаан нь өөр өөр шинжтэй. Миний хувьд зуны өнгөнд хамаарах илүү цайвар, зөөлөн улаан өнгийг өмсөхөд илүү зохидог. Яг ийм нарийн ялгааг мэргэжилтнүүд тодорхойлж, тухайн хүнд ямар улаан өнгийн хувцас, ямар өнгийн сонголт зохихыг зөвлөж өгдөг юм.
-Хувийн өнгөө зөв тодорхойлуулснаар гадаад төрх, өөртөө итгэх итгэл, имижид ямар бодит өөрчлөлтүүд гардаг вэ?
-Би үүнийг яг өөр дээрээ туршиж үзсэн учраас илүү сайн ойлгосон. Мэргэжлийн мэйкап артистын сургалтад суусныхаа дараа дандаа хэрэглэдэг байсан бор өнгийн нүдний тениэ больж, өөр өөр өнгийг туршиж үзэх болсон. Тэр үед ягаан өнгөөр нүдээ будахад надад үнэхээр гоё харагдсан. Өмнө нь ягаан өнгө солонгос эмэгтэйчүүдэд л зохидог байх гэж боддог байсан. Харин өөр дээрээ туршиж үзэхэд надад ч мөн адил маш сайхан зохиж байгааг анзаарсан. Ингээд өөрийнхөө хувийн өнгийг мэдсэнээр улам өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Яалт ч үгүй би хүйтэн зуны өнгөтэй учраас ягаан өнгө надад илүү зохидог юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол дэлгүүр ороод өөртөө яг тохирох нүдний тений өнгийг илүү амархан олдог.
Аксессуарын хувьд ч ялгаагүй. Өмнө нь дандаа алтлаг буюу манет төрлийн гоёлыг гоё гэж бодоод зүүдэг байсан бол одоо намайг илүү гоё харагдуулж байна уу гэдэг өнцгөөс харж сонголтоо хийдэг болсон. Би хүйтэн өнгөтэй хүн учраас мөнгөлөг төрлийн аксессуар илүү зохидог гэдгийг мэддэг болсон нь гадаад төрхөд эерэг нөлөө үзүүлж байгаа. Үүнээс гадна цаг маш их хэмнэдэг. Хүмүүс дэлгүүр ороод худалдагч нараас намайг нэг хараад өгөөч гэж гуйдаг байсан бол өнгөө мэдсэнээр шууд сонголтоо хийж чаддаг болох юм.
Нас ахих тусам энэ ойлголт бүр илүү чухал болдог юм байна лээ. Над дээр ирж буй хүмүүсийн дийлэнх нь 30-аас дээш насныхан байдаг. Тэд залуу байхад зохидог байсан өнгө одоо зохихоо больчихжээ гэж их ярьдаг. Үнэхээр бид нас ахих тусам нөсөө толбо, үрчлээ нэмэгддэг. Хэрвээ тухайн хүний туяанд нийцээгүй өнгийн хувцас, будалт хийвэл тэр нөсөө толбо, үрчлээ улам тодорч харагддаг. Өнгө тодорхойлох явцдаа энэ чинь яг ид шид шиг юм байна гэж боддог. Зөв өнгөө олсон үед хүн өөрийгөө илүү залуу, илүү гоёор харж эхэлдэг. Хүмүүс толь руу хараад өөрийгөө харахдаа сайхан мэдрэмж авч байгааг нь харах надад маш их урам өгдөг. Тиймээс л би энэ хоббигоо улам гүнзгийрүүлж, үргэлжлүүлэн суралцаж, бусдад тэр сайхан мэдрэмжийг нь мэдрүүлэхийг хүсэж байна.
-Хувийн өнгө буруу сонгогдсон тохиолдолд царай, нас болон эрүүл харагдах байдалд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Өнгө бидний амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг хамгийн энгийн жишээгээр тайлбарлаж болно. Жоохон хүүхдийг гар утаснаас хол байлгах нэг арга байдаг даа. Донтолтоос сэргийлэхийн тулд утасны дэлгэцийг хар, цагаан болгочихдог. Ингэхэд хүүхдийн сонирхол шууд буурдаг. Энэ нь өнгө гэдэг зүйл хүний далд ухамсар, мэдрэмжинд ямар хүчтэй нөлөөлдгийн бодит жишээ юм. Ер нь өнгө хүний мэдрэмжид шууд нөлөөлдөг.
Монголчуудын дийлэнх нь хар, цагаан өнгийн хувцсыг илүүд үздэг. Туранхай харагдана гэх мэт ойлголтоос болоод хар өнгийн хувцас өмсөх нь элбэг. Гэтэл өнгө гэдэг бол зөвхөн харагдах байдал биш, мэдрэмж юм. Улаан, ягаан, шар зэрэг өнгөнүүд хүний сэтгэл зүй, энерги рүү шууд нөлөөлдөг. Яг өөрт тохирох өнгөө зөв сонгож эхэлмэгц хүний дотоод мэдрэмж өөрчлөгдөж байгааг анзаарах боломжтой.
Мөн таныг харж буй бусад хүмүүст ч өнгө шууд нөлөөлдөг. Та өөрөө ч анзаарахгүй байхад бусдын мэдрэмжинд бууж, илүү сонирхол татахуйц харагдаж эхэлдэг гэсэн үг. Жишээ нь, ажлын ярилцлагад нэг нь хар, нөгөө нь ягаан өнгийн хувцастай орж ирлээ гэж бодъё. Ихэнх тохиолдолд ягаан өнгийн хувцастай хүнд хүмүүсийн анхаарал илүү төвлөрдөг. Хар өнгө нь зохих хүндээ маш гоё харагддаг ч тохироогүй хүндээ эсрэгээрээ их дарж, бараан болгож харагдуулдаг. Харин өвлийн өнгөтэй хүмүүст хар өнгө үнэхээр сайхан зохидог юм.
Гадна төрх ч тэр, дотоод мэдрэмж ч тэр өөрийнхөө өнгийн хувцсыг өмссөн үед хүн өөртөө маш сайхан мэдрэмж авдаг. Учир нь өнгө гэдэг зүйл бидний дотоод мэдрэмжинд шууд хүрч, нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хэн бэ гэдгээ үгээр хэлэхгүйгээр, өнгөөрөө дамжуулан бусдад ойлгуулж болдог юм.
quote photo
Бусдад ямар мэдрэмж төрүүлэхийг хүсэж байгаагаа өнгөөр дамжуулан илэрхийлж болдог.
-Хувийн өнгө тодорхойлуулах нь зөвхөн хувцаслалттай холбоотой юу, эсвэл нүүр будалт, үсний өнгө, гоёл чимэглэл, аксессуар зэрэгт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бид хүйтэн, дулаан өнгө гэж ярьдаг шүү дээ. Энэ нь гадаад үзэмжтэй шууд холбоотой ойлголт. Хөх туяатай, өөрөөр хэлбэл хүйтэн өнгөтэй хүмүүст мөнгөлөг төрлийн аксессуар, саарал өнгө илүү гоё харагддаг. Цагаан алт ч мөн адил маш сайхан зохидог. Харин шар туяатай, дулаан өнгөтэй хүмүүст алтлаг өнгө илүү зохицдог. Алтлаг өнгө дотроо ягаандуу алт байвал хаврын дулаан өнгөтэй хүмүүст илүү тохиромжтой байдаг. Үнэт чулуунуудын хувьд ч ялгаагүй. Жишээлбэл, хув шаргал, улбар ша өнгөтэй байдаг ба намрын дулаан өнгөтэй хүмүүст илүү гоё харагддаг. Харин усан ягаан молор нь зуны өнгөтэй хүмүүст илүү тохиромжтой.
Энд нэг чухал зүйлийг онцолж хэлэхэд, арьсны гаднах өнгө үүнд огт хамааралгүй. Чи бор арьстай болохоор хар өнгө зохино эсвэл чи цайвар арьстай болохоор цагаан өнгийн хувцас өмс гэх мэт ойлголтууд бол буруу. Үүнийг хараад шууд мэдэх боломжгүй, заавал туяагаар нь шалгаж үзэх хэрэгтэй. Бидний арьс өөрөөсөө тодорхой туяа ялгаруулж байдаг ч үүнийг нүдээрээ шууд харах боломжгүй. Тиймээс доор нь өөр өөр туяатай өнгөнүүдийг барьж үзэж байж л тухайн хүний хувийн өнгийг тодорхойлдог.
Мөн зөвхөн хувийн өнгөөр хязгаарлагдахгүй. Нүүрний хэлбэр, төрхийг харгалзан гоёл чимэглэл, нүүр будалтын зөвлөгөө өгдөг. Тиймээс зөвхөн хувийн өнгөө мэдэхээс гадна өөрийнхөө нүүрний бүтэц, төрхөд тохируулж гоёл чимэглэл, нүүр будалтаа сонгох нь дүр төрхийг илүү тэнцвэртэй, зохимжтой болгож өгдөг юм.
-Манай улсад хүмүүс хувийн өнгөө тодорхойлуулахдаа хамгийн түгээмэл гаргадаг алдаа юу байдаг вэ?
-Ихэнх хүмүүс цайвар өнгө барихаар л би цайвар өнгөнд зохидог юм байна гэж шууд ойлгодог. Үнэндээ цайвар өнгөн дээр бараг бүх хүн цагаан, гэгээлэг харагддаг. Гэхдээ энэ нь тухайн өнгө үнэхээр зохиж байна гэсэн үг биш. Жишээ нь, 23 дугаарын крем хэрэглэдэг эмэгтэй 21 дугаарын крем түрхвэл яаж харагдах вэ. Царай нь хөхөрч, сааралтаж харагдана. Үүнтэй яг адилхан, тохироогүй өнгө хүний царай төрхийг улцайлган, нүүрний эд эрхтнүүдийг бүрсийлгэж, тодорхой бус болгож харагдуулдаг. Тиймээс энэ дээр хүмүүс ихэвчлэн андуурдаг байх.
Мөн хүмүүс онлайнаар хувийн өнгө тодорхойлуулах нь зөв үү гэж их асуудаг. Монголд онлайнаар хувийн өнгө тодорхойлж байна гээд олон хүн ажиллаж байгаа. Над дээр ч онлайнаар тодорхойлуулчихаад ирдэг хүмүүс олон бий. Жишээ нь, өнөөдөр над дээр ирсэн нэг охинд өмнө нь намрын дулаан өнгө гэж хэлсэн байсан. Харин би өөр дээр нь үзэж шалгахад тэр охин өвлийн хүйтэн өнгөтэй байсан. Яагаад буруу гарсан нь ойлгомжтой. Тэр охинд гүн өнгө зохидог нь үнэн ч, тухайн онлайнаар тодорхойлсон газар мэргэжлийн даавуу барьж, бодитоор туршиж үзээгүй. Зөвхөн зураг, дэлгэцээр харж тодорхойлдог болохоор бодит практикгүй үед алдаа гарах нь маш элбэг.
Дараагийн нэг нийтлэг алдаа бол хүмүүс хэт туйлшрах явдал. Яг нэг өнгө гарлаа гээд бусад хувцсаа хүнд өгөх, бүр шатаах тухай ярих нь ч бий. Эсвэл сэтгэлээр унаж, надад дургүй өнгө гарчихлаа гээд хэцүү байдалд ордог. Үнэндээ дургүй өнгөө хүчээр өмсөх нь өөрөө хэцүү. Тиймээс заавал өөрийгөө шахах хэрэггүй, дуртай өнгөө өмсөж болно. Хувийн өнгө гэдэг бол хориг, хязгаарлалт биш, харин өөрийгөө илүү сайхан харагдуулахад туслах нэг чиглүүлэгч гэдгийг хүмүүс ойлгох нь хамгийн чухал юм.
-Хувийн өнгөө тодорхойлуулсны дараа хүмүүс хувцас худалдан авалт, шүүгээгээ цэгцлэхдээ юуг анхаарах нь зөв бэ?
-Хувийн өнгө гэдэг нь зөвхөн нүүрэнд, яг нүүрний тус газар нөлөөлдөг ойлголт. Өмд, гуталтай шууд холбоотой биш гэсэн үг. Тиймээс нүүрэнд ойр байдаг хувцас хэрэглэлдээ л илүү анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, малгай, ороолт, гадуур хүрэм зэрэг нь нүүрэнд хамгийн ойр байрладаг учраас өнгөний хувьд хамгийн их нөлөө үзүүлдэг. Хэрвээ хүн өөрийнхөө хувийн өнгийг хараахан тодорхойлуулаагүй байсан ч гэртээ байгаа хувцсаа ээлжлээд урдаа бариад үзэхэд ойлгож болно. Тод өнгө зохиж байна уу, эсвэл бүдэг өнгө илүү зохиж байна уу гэдгийг ажиглахад хангалттай. Энэ үед хамгийн чухал нь нүд, хамар, уруул тань илүү тодорч харагдаж байна уу гэдгийг харах. Хувцасны өнгө таны царайг дарж харагдуулах биш, харин ч эсрэгээрээ царай тань хувцаснаасаа илүү тод, амьд харагдах ёстой байдаг.
Өнгөний зөв сонголтоос гадна стиль, имидж гэдэг ойлголт маш чухал. Хүн бүрийн царай төрх, биеийн онцлогт тохирсон хувцасны шугам гэж байдаг. Биеийн хэлбэрээс шалтгаалаад түүнийг засаж, давуу талыг нь гаргаж хувцаслах аргууд бий. Өөрөөр хэлбэл, хэлбэрээр тоглолт хийж болдог гэсэн үг. Мөн үсний засалтаар ч хүний царай төрхийг илүү гоё, тэнцвэртэй болгож болдог. Японд миний суралцсан аргачлал бол хүнийг ясны бүтцээр нь хэмжиж, нарийвчилсан анализ хийсний үндсэн дээр стиль, имиджийг нь гаргаж өгдөг. Миний хийж буй ажил бол хүний дотоод зүрх сэтгэл, гадаад царай төрхийг хооронд нь уялдуулж, тэнцвэр буюу баланс бий болгох явдал юм.
-Нас, амьдралын хэв маяг, ажил мэргэжил өөрчлөгдөхөд хувийн өнгө нь өөрчлөгдөх боломжтой юу, эсвэл нэгэнт тогтсон ойлголт гэж үзэх үү?
-Хувийн өнгийг зөв тодорхойлж чадсан л бол тэр өнгө хэзээ ч өөрчлөгддөггүй. Харин анхнаасаа буруу гаргавал насан туршдаа буруу өнгөөр явах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс энэ бол маш их хариуцлага шаардсан ажил. Нэг ёсондоо хүний насан туршийн өнгийг тодорхойлж байна гэсэн үг шүү дээ. Хүмүүс өөрийгөө олох гэж ярьдаг. Өөрийгөө олно гэдэг нь үнэндээ өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэх гэсэн утгатай. Хэн гэдгээ мэдэж байж л өөрт юу зохих, юу зохихгүйг ойлгож эхэлнэ. Хувийн өнгө, стиль имиджийг тодорхойлох нь үүнтэй яг адилхан процесс юм.
Стиль, имиджээ нэгэнт мэдсэн тохиолдолд цаашдаа яах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болдог. Аажмаар, бага багаар хувцасны шүүгээгээ өөрчилж, өөрийн харагдах байдалдаа илүү өнгө зүс, утга учир нэмнэ. Бид өглөө бүр хувцас өмсдөг учраас өөрт тохирох хувцсаа мэддэг байх нь асар том давуу тал. Энэ нь санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, дахиж өөрт зохихгүй хувцас авахгүй гэсэн үг. Тиймээс би хүмүүстээ өнгө, стиль, имиджээрээ гэрэлтэж, дотоод мэдрэмжээ сэрээгээд, нүдний харцаа хүртэл гэрэлтүүлээсэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн