П.Наранбаяр сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.16/ Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, оюутан, сурагчдын төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талт оролцоог хангасан энэхүү орон тооны бус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан бөгөөд боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг олон талын оролцоог хангасан, тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэгтэй юм.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримтлалтай, нэгдмэл бүтэцтэй, түвшин хоорондын залгамж холбоог хангасан, технологиор дэмжиж хэрэгжүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан хөтөлбөрт шилжиж байна.
Энэ удаагийн хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.