Билгийн тооллын 17 дугаар жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан айлчлан ирж буй гал морин жилийн өнгө ямар байх талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.
-Энэ жилийн жилийн өнгө хэмээх ойлголтыг зурхайн ухаанд хэрхэн тодорхойлдог вэ. Тухайн жилийн хийморь, засал ном, байгалийн жамтай ямар уялдаатай байдаг вэ?
-Жилийн өнгийг тодорхойлохдоо уламжлалт зурхайд нэг арга барил ашигладаггүй, харин хоорондоо уялдаа холбоотой хэд хэдэн өөр тооцоолол, бэлгэдэлт шинжилгээг хавсран үздэг онцлогтой. Үүний нэг нь тухайн жилийг нэршил, ёгт утгаар нь тодорхойлох арга юм. Тухайлбал, гал морь жилд хамаарах “Сүрээр дарагч” хэмээх нэршил нь тухайн жилийн энерги, нийгэм, байгальд нөлөөлөх хүч, давамгай шинжийг ёгтлон илэрхийлсэн ойлголт юм.
Нөгөө нэг түгээмэл арга нь шороон үхрийн шинжээр жилийн өнгийг шинжих явдал юм. Энэ нь хар зурхайн уламжлалд тулгуурладаг бөгөөд жилийг махбодын харьцаагаар тооцож гаргадаг. Тодруулбал, урьд жилийн төгсгөл болон шинэ жилийн хаврын урь орох өдрийг нарийн уялдуулан тооцож, тухайн жилд газар шороо, ус, гал, мод, төмөр зэрэг махбодын аль нь давамгайлахыг тогтоодог. Үхрийн дүрслэл, түүний хөдөлгөөн, ачаа, өнгө зэргийг бэлгэдлийн утгаар тайлж, байгаль цаг уур, мал аж ахуй, эдийн засаг, ард иргэдийн ахуйд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан шинжилдэг нь энэ аргын гол онцлог юм.
Ийнхүү жилийн өнгийг заримдаа нэршил, ёгт утгаар, заримдаа махбодын тэнцвэр, шороон үхрийн шинжээр, мөн бусад зурхайн тооцооллуудтай уялдуулан 2–3 өөр арга замаар тодорхойлж ирсэн уламжлалтай. Эдгээр аргуудыг цогцоор нь авч үзсэнээр дараа жил ямар шинжтэй байх, юунд анхаарах, юуг сөрж, юуг дэмжих хэрэгтэйг урьдчилан мэдэх боломжтой гэж зурхайд үздэг.
-Ирж буй жилийн махбод, амьтан, шүтэн барилдлагын онцлог нь нийгэм, улс орны амьдралд ямар ерөнхий чиг хандлага авчрахыг зурхайн үүднээс хэрхэн тайлбарлаж байна вэ?
-Шороон үхрийн шинжээр шинжилбэл, энэ жил залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеийн энхрүүлэгчтэй хэмээн гарчээ. Үүнийг шууд насны ангиллаар ойлгохоос илүүтэй бэлгэдлийн утгаар тайлбарлах нь зүйтэй. Зурхайн ойлголтоор залуус гэдэг нь төрийн дунд шатны албан хаагчид, ажил хэрэг нуруун дээрээ үүрч яваа, бодит ажлыг гүйцэтгэж буй давхаргыг илэрхийлдэг. Иймээс энэ жил төрийн дунд шатанд ажиллаж буй хүмүүст боломж, дэмжлэг илүү, ажил үйлс нь урагштай байх сайн жил хэмээн үзэж болно. Харин нялхаст гэж дурдсан нь жирийн ард иргэдийг бэлгэддэг бөгөөд тэдний хувьд энэ жил онцгой савлагаа багатай, дунд зэрэг буюу тогтуун өнгөтэй жил байна гэсэн утгатай. Амьдрал ахуйд огцом дордол, эсвэл хэт их өсөлт гарахгүй, боломж ба сорилт тэнцвэртэй байхыг илтгэж буй хэрэг. Тэгвэл хөгшдөд хэмээх ойлголт нь улс төрийн хүрээнийхэн, өндөр албан тушаал хашиж буй шийдвэр гаргагчдыг заадаг. Тэдний хувьд энэ жил биеийн энхрүүлэгчтэй, өөрөөр хэлбэл хэт хурц мөргөлдөөн, хүчтэй доргилт багатай, илүү тайван, тогтуун байдлыг эрхэмлэх жил байх шинжтэй гэж шороон үхрийн талаас тайлбарлаж болно.
Нөгөө талаас, тухайн жилийн өөрийн шинж, ёгт нэршлээрээ “Сүрээр дарагч” хэмээн тодорхойлогдож байгаа нь жилийн ерөнхий өнгийг илтгэх чухал үзүүлэлт юм. Энэ нэршлийн утга агуулгаар харвал, энэ жилд зудгүй, өлсгөлөнгүй, томоохон өвчин тахал гарахгүй, харьцангуй амар амгалан, тайван сайхан жил болно гэж гарсан байна. Байгаль, цаг уурын хувьд ч хүндрэл багатай, хүн ардын амьдрал тогтуун байх өнгө ажиглагдаж байгаа юм. Мөн “Сүрээр дарагч” жилийн нэг чухал шинж нь төр засгийн үйл хэрэгтэй холбоотой. Тухайлбал, хууль цааз, бодлого зохицуулалт тодорхой хэмжээнд цэгцэрч, эмх журамд орсон, тогтолцооны хувьд нэг шат ахисан жил болно гэсэн утга давхар агуулагдаж байна.
Ингэж шороон үхрийн шинж болон жилийн өөрийн ёгт утгыг уялдуулан үзвэл, энэ жил нийгмийн янз бүрийн давхаргад харилцан адилгүй нөлөөтэй ч бүхэлдээ тогтуун, зуд турхангүй, өвчин эмгэг багатай, төр засаг болон нийгмийн амьдрал харьцангуй цэгцэрсэн, амар амгалан өнгө давамгайлах жил хэмээн зурхайн үүднээс тайлбарлагдаж байна.
-Энэ жил аль жилтнүүдэд илүү ээлтэй, аль жилтнүүдэд сорилттой байх төлөв ажиглагдаж байна вэ. Тэдгээр жилтнүүд ямар засал ном, анхаарах зүйлсийг хийх нь зохистой вэ?
-Жилийн заслыг уламжлалт зурхайн ёсоор арванхоёрдугаар сарын 22-ноос хийж болдог бөгөөд энэ нь шинэ жилийн өнгө орж, хүний нас, жил, мэнгэ суудлын нөлөө идэвхжиж эхэлдэгтэй холбоотой гэж үздэг. Иймээс тухайн хүн өөрийн жил, харш, мэнгэ суудалдаа тохируулан засал номоо хийлгэх нь зүйтэй хэмээн зурхайд тайлбарладаг. Юуны өмнө ивээл жилтэй хүмүүсийн засал бий. Морь жилд морь, нохой жилтэй хүмүүс, мөн нохой, бар жилтэй хүмүүс ивээл жилийн хамааралд ордог тул морь жилдээ ивээл жилийн засал хийлгэх ёстой. Энэ нь тухайн жилийн эерэг нөлөөг батжуулж, ажил үйлс, амьдрал ахуйг улам өөдрөг байлгах утгатай юм. Харин сөрөг буюу харш жилийн заслыг дараах байдлаар ялгаж үздэг. Тухайлбал, хулгана жилтэй хүмүүс морь жилд их харш таардаг тул их харш жилийн засал хийлгэх шаардлагатай. Мөн тахиа, туулай жилтэй хүмүүс бага харш хэмээгддэг бөгөөд тэд бага харшийн засал хийлгэж, сөрөг нөлөөг нь саармагжуулна гэж үздэг.
Үүнээс гадна жил орж буй насны засал чухалд тооцогдоно. Тодруулбал, 13, 25, 37, 49, 61, 73, 97-ны жилтэй хүмүүс тухайн жилдээ жил орсны засал хийлгэх ёстой. Энэ нь насны эргэлт, хувь тавилангийн өөрчлөлттэй холбоотойгоор гарч болзошгүй саад бэрхшээлийг зөөлрүүлэх, хийморь сүлдийг дэмжих зорилготой юм. Мөн энэ жил нэг цагаан мэнгэтэй хүмүүсийн хувьд, хэрэв мэнгэ нь голлож байвал заавал мэнгэний засал хийлгэхийг зурхайд зөвлөдөг. Мэнгэ суудал голлох үед эрүүл мэнд, ажил үйлс, сэтгэл санаанд нөлөөлөх магадлалтай гэж үздэг тул үүнийг заслаар тэнцвэржүүлдэг уламжлалтай.
-Эдийн засаг, байгаль цаг уур, олон нийтийн эрүүл мэндийн хувьд жилийн өнгийг зурхайчийн нүдээр хэрхэн харж байна вэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар онцлог ажиглагдаж байна вэ?
-Зурхайн тайлбараар өнгөрсөн жил хоёр хар мэнгэтэй жил байсан нь нийгэм, эдийн засгийн байдалд тодорхой хэмжээнд дарамт, хавчигдмал шинж авчирсан хэмээн үздэг. Ийм жилд хөрөнгө мөнгөний эргэлт саарч, өөрөөр хэлбэл боломж хомс, амаргүй нөхцөл давамгайлах нь элбэг байдаг. Ерөнхийдөө хоёр хар мэнгэтэй жилүүдийг эдийн засаг, ахуйн хувьд болгоомжтой, хэмнэлттэй байх шаардлагатай жил хэмээн зурхайд тайлбарладаг.
Харин энэ жил нэг цагаан мэнгэтэй жил гарч байгаа нь өнгөрсөн оныхоос шинж чанарын хувьд өөр өнгө аяс илтгэнэ. Нэг цагаан мэнгэ нь зөөлөн, хөдөлгөөн ихтэй энергитэйд тооцогддог ч тодорхой анхаарах чиглэлүүд дагуулж ирдэг. Тухайлбал, эрүүл мэндийн хувьд халуунтай холбоотой өвчин, халуунаас үүдэлтэй зовуурь дэлгэрэх хандлагатай гэж үзэж байна.
Байгаль, цаг уурын талаас харвал, энэ жил хаврын эхэн сар, мөн улирал бүрийн эхлэл, ялангуяа жилийн эхээр салхи шуурга ихтэй, гандуу хуурай байдал ажиглагдах төлөвтэй байна. Энэ нь цаг агаар тогтворгүй, огцом өөрчлөлттэй байх магадлалтайг илтгэж байгаа юм. Мөн зурхайн шинжилгээгээр жилийн дунд үеэр ган, зудтай байх шинж ажиглагдаж байгаа нь мал аж ахуй, байгальд түшиглэсэн амьдралтай хүмүүст илүү анхаарал болгоомж шаардлагатайг харуулж байна.
-Жилийн өнгийг даган иргэд өдөр тутмын амьдралдаа юунд анхаарч, ямар дадал, хандлагыг эрхэмлэвэл хийморь, буян заяагаа дэмжихэд тустай вэ?
-Энэ жилийн өнгө ерөнхийдөө их сайхан гарч байна. Зурхайн шинжилгээгээр бол их буянтай, өгөөжтэй жил бөгөөд өвчин зовлон харьцангуй бага байх төлөвтэй. Мөн төр засгийн үйл хэрэг, хууль цааз дагаж мөрдөгдөж, дэг журам тогтворжих өнгө давамгайлж байгаа нь нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Гэхдээ ийм сайн өнгөтэй жилд ч жилийн засал маш чухал хэвээр. Хүн заслаа номчлон, зөв хийлгэж, дагаж мөрдөх юм бол тухайн жилд тохиох бэрхшээл саад багасч, аливаа сөрөг нөлөө тойрч өнгөрдөг гэж ярьдаг. Ялангуяа төмрөн дээр суусан хүн өөрийн төмрийн заслаа заавал хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хэрэв харш жил таарсан бол харш жилийн заслаа хийлгэснээр гаднаас ирэх муу муухай, сөрөг нөлөөлөл тухайн хүнд нөлөөлөхгүй, тойрч өнгөрдөг хэмээн үздэг. Ер нь энэ жилийн хувьд айж түгшээд байх, ноцтойгоор анхаарах зүйл харьцангуй цөөн, тайван жил гарч байна. Гол нь хүн өөрөө заслаа хийлгэж, ёс заншлаа сахиж, аливаад хянуур, зөв хандлагатай байвал жилийн сайн өнгө улам батжиж, амьдрал ахуйд нь эергээр тусна гэж ойлгож болно.