Open iToim app
Улс төр | 2 мин уншина

О.Цогтгэрэл намынхандаа мэдэгдэлгүй зөвлөх Д.Амарбаясгалангаа генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

О.Цогтгэрэл намынхандаа мэдэгдэлгүй зөвлөх Д.Амарбаясгалангаа генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 16
Ардчилсан намын дүрмийг Улсын дээд шүүх бүртгэснээр анхан шатнаасаа эхлээд хурлуудаа хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх ёстой болж байна. Нэг үгээр хэлбэл, Улсын дээд шүүх АН-ын шинэчилсэн дүрмийг бүртгэснээр намын дарга О.Цогтгэрэлээс бусад албан тушаал хүчингүй болсон гэж ойлгож болно. Тиймээс өчигдөр АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өөрийн зөвлөх Д.Амарбаясгаланг томилсноо зарлав. Энэ шийдвэрийг гаргахыг намын гишүүд нь мэдээгүй, өчигдөр л хэвлэлийн хурлаас мэдэж дургүйцэж, эсэргүүцэж байгаа аж. Өмнөх өдөр нь болсон Улс төрийн зөвлөлийн хурлаараа ч генсекийн асуудлыг танилцуулаагүй, мэдээлэл өгөөгүй өчигдөр л хэвлэлийн хурлаар зарлажээ.
Ардчилсан нам хоёрдугаар сарын 1-нээс 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэх аж. Бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулж, 7-8-ний өдрүүдэд Их хурлаа хийж, шинэ бүтцээ батламжлах юм байна. Их хурлаас баталсан Үндэсний бодлогын хороо Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн шинэ даргыг томилох аж. Тэгвэл шинэ дүрмийнхээ хүрээнд шинэчлэгдэх бүх ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан зохион байгуулан ажиллана гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн.
АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Д.Ганбатын сонгуулийн менежерээр 4 сонгуульд ажиллажээ
Д.Амарбаясгалангийн намтраас харахад 1996 оноос хойш намын анхан болон дунд байгууллагад сонгогдон ажилласан гэжээ. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Ганбатын сонгуулийн менежерээр дөрвөн сонгууль дараалан ажилласан. Нэг үгээр хэлбэл, Д.Ганбатын хүн гэж хэлэхэд болно. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Д.Ганбат АН-ын бүлгийн дарга болоход Д.Амарбаясгалан бүлгийн ажлын албаны даргаар томилогдсон байна. Ингээд Д.Ганбат ажлаа өгч О.Цогтгэрэл бүлгийн дарга болоход бүлгийн зөвлөхөөр томилогдон ажилласан байна. Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, БОАЖЯ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч, зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байсан гэжээ. Харин өчигдөр тэрээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо. Харин шинээр байгуулагдах Үндэсний бодлогын хороогоор Д.Амарбаясгаланг жинхлэх үү, шинэ хүн томилох уу гэдэг асуудал гарна. Намын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланг жинхлэх хүсэлтэй ч АН-ын олон фракц генсекээ авах улс төр хийж эхэлсэн аж. Нэг үгээр хэлбэл, АН дотор генсекийн төлөөх өрсөлдөөн эхэлжээ. Харин Үндэсний бодлогын хороонд хамгийн их саналын эрхтэй фракц нь хүнээ томилох боломж өндөр.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн