Open iToim app
Улс төр | 3 мин уншина

О.Цогтгэрэл: АН шинэ дүрмийнхээ дагуу үзэл санааны том шинэчлэл хийнэ

О.Цогтгэрэл: АН шинэ дүрмийнхээ дагуу үзэл санааны том шинэчлэл хийнэ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 15
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусаж байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн. Улмаар Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлж байна.
Ардчилсан нам бүрэн дүүрэн буюу 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна.
Улмаар дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийнэ. Их хурлаас баталсан Үндэсний бодлогын хороо шинээр, албан ёсны Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Мөн эндээс шинэ улс төрийн зөвлөл болон Бодлогын зөвлөлд хуваагдан томилно. АН шинэчилсэн бүртгэл явуулж, гишүүддээ ардчилсан үзэл санаа тээгч болохыг бататгасан, чип бүхий гэрэгэ олгоно. Намд үзэл санааны том шинэчлэл хийнэ.
Мөн Ардчилсан нам дэргэдээ судалгааны хүрээлэнтэй болно.
АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв: Энэ долоо хоногийн онцлох баримтыг танилцуулъя. 2016-2026 он буюу МАН тасралтгүй төрийн эрх барьсан сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж монгол айл 7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэдэг тооцоо гарч байна. Тодруулбал, 7 сая төгрөгийн алдагдал гэдэг бол хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөний улмаас боловсрол, эрүүл мэндээ зарцуулах мөнгөө энэ хэмжээгээр багасгасан байна. Зарим айлын хувьд 7 сая төгрөгийн хуримтлал бий болгох боломжоо алдсан байна. Зарим айлын хувьд 7 сая төгрөгийн өр зээл нэмэгдсэн байна гэсэн үг. Нийт инфляцын хэмжээгээр аваад үзвэл үүнээс илүү өндөр тоо гарна. Жишээлбэл, 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар инфляц 8 орчим хувьтай гарч байна. Айл өрхийн сарын зарлага дунджаар 2.9 сая төгрөг гэсэн статистик бий. Ингэхээр нэгдүгээр сард монгол айл өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад яг адилхан хэрэглээтэй буюу иддэгээ идэж, өмсдөгөө өмсөхөд 220-230 мянган төгрөгийн зардал илүү гаргаж байна. Жилээр нь нь аваад үзвэл энэ 2.5 сая төгрөг болно. Гэтэл цалин, тэтгэвэр нь энэ хэмжээгээр нэмэгдээгүй. Тэгэхээр айл өрхийн бодит орлого буурч, амьжиргаа доройтож байгаа учир шалтгаан болж байна. Тийм учраас Засгийн газар айлын гэр рүү ороод хөргөгчийг нь онгойлгоод тал хоолыг нь аваад явсантай адилхан үр дагаврыг инфляц үзүүлж байна. Тиймээс инфляц хуульчлагдаагүй далд татвар юм гэж хэлдэг нь учиртай. Энэ инфляцын гол учир шалтгаан Монгол Улсын төсвийн бодлоготой холбоотой. Цалин, тэтгэврийг 100 төгрөгөөр нэмэхийн тулд төсвийг 1000 төгрөгөөр тэлдэг. Төсвийн бодлогын алдаа, завхралыг засахгүйгээр Монгол Улсад иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжих боломжгүй. Иймээс АН цаашдаа төсвийн реформ хийх ёстой.
Энэ үеэр сэтгүүлчид Засгийн газрыг огцруулах санал юу болж байгааг АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодруулсан юм.
Тэрээр "Засгийн газрын тогтворгүй байдлыг бүрдүүлэх нь бидний зорилго биш. Нэгдүгээрт, Засгийн газар алдаатай бодлогоо засах хэрэгтэй. Хоёрдугаарт, засахгүй бол хэлбэрийн хувьд өргөн барьж хэлэлцүүлэхээс гадна үр дүнд хүрч огцруулах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр 32 гарын үсэг бүрдсэн. Огцруулахын тулд 64-өөс дээш гишүүний дэмжсэн санал өгөх ёстой. Оны төгсгөл шинэ жилийн үеэр гишүүдийн ирц хангалтгүй байсан. Нөгөө талаараа ажлын хэсэг тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажиллая гэдэг шийд гаргаад ажиллаж байгаа гэдэг мэдээлэл бий. Үр дүн талаасаа хаврын чуулганаар асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байна. Тэрнээс биш зарчмын байр хэвээрээ" гэлээ.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн