ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэх шийдвэр анхнаасаа л судалгаа, тооцоо муутай, яаруу, улстөрчдийн сэтгэл хөдлөлөөр гарсан нь одоо тод харагдаж байна. Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарцуулж байж нүүлгэсэн яам хоёр жил ч хүрэлгүй буцаад Улаанбаатар руу нүүх асуудал яригдаж эхэллээ.
УИХ 2024 оны наймдугаар сарын 23-нд ХХААХҮЯ-ыг нийслэлээс гаргах саналыг дэмжиж, Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 11-нд Дархан хот руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд гаргасан гэх энэ шийдвэрийн дагуу яамыг нүүлгэхэд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 1.4 тэрбум нь нүүх зардал, 1 тэрбум нь орон нутагт шилжин суурьшсан төрийн албан хаагчдад олгох цалингийн 20 хүртэлх хувийн нэмэгдэл байв. Үүнээс гадна Дархан хотод очсон 52 ажилтны орон сууцны асуудлыг шийдэх нэрээр Хөдөө аж ахуйн биржийн хуримтлагдсан ашгаас 3.1 тэрбум төгрөг гаргаж, орон сууцны зээлийн урьдчилгаанд нь олгож, 3 хувийн хүүтэй зээлээр “Шинэ Дархан”-д байртай болгосон байна.
ХХААХҮЯ нийтдээ 120 гаруй ажилтантай, харьяа байгууллагуудтайгаа нийлээд 320 орчим хүний бүрэлдэхүүнтэй юм. Яамыг Дархан руу нүүлгэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК хамгийн түрүүнд нүүж, улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт зориулан улсын төсвийн хөрөнгөөр барьсан 10 давхар оффисын байрыг ХХААХҮЯ ашиглахаар болсон. Энэ бүхэн тухайн үед бодлого мэт харагдаж байсан ч бодит байдал дээр тогтворгүй шийдвэрийн эхлэл байв.
Г.Занданшатарын Засгийн газар ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсэн нь буруу шийдвэр байсан гэж үзэж буцаан Улаанбаатар хотод авчрахыг зөвшөөрчээ. Энэ хүрээнд тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар аль хэдийн тавилга, эд хогшлоо ачиж нүүлгээд эхэлсэн байна. Яамыг буцааж нүүлгэхэд дахин 1–2 тэрбум төгрөг шаардагдах нь тодорхой юм.
Анх утаа, түгжрэлийг бууруулна, бодлогыг бүс нутагт ойртуулна гэж сайхан ярьсан ч бодит байдал дээр төрийн албан хаагчдыг байр, цалингийн нэмэгдлээр аргалж нүүлгэсэн. Харин дараагийн Засгийн газар, дараагийн сайд нь ирээд өмнөх шийдвэрийг үгүйсгэж, бүгдийг буцаахаар ярьж эхэллээ. Сайд солигдох бүрд яамдыг нааш цааш нь нүүлгэж, үр дагаврыг нь татвар төлөгчид үүрдэг боллоо. Өөрөөр хэлбэл, төрийн тооцоо судалгаагүй, залгамж халаагүй, бодлогогүй шийдвэрээс болж зөвхөн Хөдөө аж ахуйн яамыг нүүлгэх суулгах ажилд 5-10 тэрбум төгрөгийг хоёр жил үргүй зарцуулах нь. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ?