Төрийн үйлчилгээ ойртсон эсэх асуудал иргэдийн өдөр тутмын амьдралд бодитоор мэдрэгдэж байна. Гадаад паспорт, өрхийн эмнэлэг, хороо дүүрэг, нэг цэгийн үйлчилгээ зэрэгт оочир дараалал их, зохион байгуулалтын доголдол, зарим ажилтны хариуцлагагүй хандлага иргэдийг бухимдуулсан хэвээр. Мөн нийгмийн олон хүндрэл дээр нэмэгдэн иргэдийн амьдралд хамгийн их дарамт учруулж буй асуудал нь үнийн огцом өсөлт болоод байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн тухай мэдээлэл гарах бүрт өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ шууд өсдөг жишиг тогтсон гэж иргэд ярьлаа. Тухайлбал, 2025 онд 2500 төгрөг байсан талх 2026 онд 3000–4000 төгрөгт хүрч, махны үнэ 27–30 мянган төгрөг давсан байна.
Зарим иргэн үнийн өсөлтөд дасан зохицож, хэрэглээгээ танахаас өөр аргагүйд хүрч буйгаа хэлж байгаа бол нөгөө хэсэг нь төрийн хяналт, үнийн зохицуулалт сул байгаагаас иргэд зээл, хоол хүнс, эм тарианыхаа аль нэгийг л сонгох хүнд нөхцөлд орж байгаагаа хэлсэн юм. Төрийн үйлчилгээний асуудал болон үнийн хэт өсөлтийн талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Үнийн өсөлт арай дэндүү байхад үүнд хяналт тавьж байгаа газар ер нь байна уу
Иргэн А.Баасан: Өрхийн эмнэлэг, хороо, дүүрэг, нэг цэгийн үйлчилгээ зэрэг төрийн байгууллагуудын үйлчилгээ өнөөдөр ч хүнд сурталтай хэвээр байна. Жишээлбэл, гадаад паспорт авахын тулд нэг цэгийн үйлчилгээ дээр олон цаг оочирлож арай гэж материалаа өгчихөөд дараа нь одоо энэ төлбөрөө төл, тэр төлбөрийг төл гэх мэтээр дахин дахин оочирлуулна. Төлбөрөө төлж дуусаад очиход цайндаа орлоо гээд явчдаг. Улсын бүртгэлийн газар хэвтрийн хүн очсон нь ганц хүний жишээ төдий, үнэндээ иргэн бүр адил нөхцөл байдалтай тулгарч байна. Нэг үйлчилгээ авах гэж очиход ажилтан нь байхгүй, уг нь 12:00–13:00 цагийн хооронд цайндаа орох ёстой атал 13:30 хүртэл байхгүй байна. Гадаа нь хүмүүс хүлээгээд л зогсож байдаг. Нэг цэгийн үйлчилгээ гэдэг чинь хүн бүрт хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчлэх ёстой байтал бодит байдал дээр хүнд суртал огт арилаагүй, хуучнаараа хэвээрээ байна.
Хороон дээр тодорхойлолт авахад тухайн байранд амьдардаг гэсэн нотариатын баталгаа, эсвэл ажлын тодорхойлолт нэхнэ. Тэрийг нь бүрдүүлээд дахин очиход хороо нь хаалттай, эсвэл засаг дарга, хэсгийн ахлагч нь байхгүй байдаг. Ийм байдал манай улсад жирийн үзэгдэл болоод байгаа нь харамсалтай. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ ч ялгаагүй. 08:30–09:30 хооронд шинжилгээ авна гэж хэлчихээд 08:30-д очиход онгойгоогүй, ажилтнууд нь ирээгүй байдаг. Дараа нь эргэж очиход хүний тоо гүйцсэн, үзэхгүй гэх тохиолдол бий. Гурван эмчийн орон тоотой байлаа гэхэд ганц нь л ажиллаж байх жишээтэй. Тариа хийлгэхэд ч эрүүл ахуйн наад захын шаардлага зөрчигдөнө. Манай хорооны сувилагч надад хэд хэдэн удаа тариа хийхдээ бээлий өмсөөгүй, гараа ариутгахгүй байсан. Үүнийг сануулахад уурлаж, бухимдсан байдлаар надад хандсан. Хүмүүс дуугарахгүй байгаа болохоос тэр хэвтрийн хүний бичлэг бол манай нийгэмд өдөр тутамд тохиолддог бодит асуудал юм. Автомашины улсын дугаар авах үйлчилгээ ч мөн адил хүнд сурталтай. Ахмад настай ажилчид тэнд товчлуураа ойлгохгүй, хөдөлж ядан, тэнд хэрүүл маргаан, стресс дүүрэн байдаг. Улсын хэмжээний чухал үйлчилгээ атлаа хурдан шаламгай үйлчлэх зохион байгуулалт алга. Залуу хүмүүс авахгүй байгааг харахаар арын хаалга байдаг юм болов уу гэх хардлага ч төрдөг.
Нөгөө талдаа үнийн өсөлт иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байна. 2025 онд 2500 төгрөгөөр авч байсан талх 2026 онд 3200 төгрөг болж өсжээ. Махны үнэ бүр аймшигтай нэмэгдсэн. 2025 оны арваннэгдүгээр сард 18 мянган төгрөг байсан мах одоо 33 мянган төгрөгт хүрсэн байна. Тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдмэгц өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байгаа нь илт мэдрэгдэж байна. Үнийн өсөлт ийнхүү хяналтгүй нэмэгдсээр байхад үүнд хяналт тавьж, зохицуулж байгаа байгууллага ер нь байна уу. Хэрэв үнийн өсөлтийг барих, тодорхой хязгаар тогтоох бодлого хэрэгжүүлэхгүй бол хэн дуртай нь хүссэн үнээ хэлж, ард иргэдийн амьдрал улам доройтсоор байна.
Тэтгэвэр нэмсэн нэртэй худлаа бүгдийг нь бөөрөнхийлсөн
Иргэн Г.Хорол: Миний хувьд киоск машиныг ажиллуулж чаддаггүй, хэцүү байгаад байдаг. Заавал хүнтэй очиж байж эсвэл хажууд нь байгаа хүнээс асууж байж л үйлчилгээ авч чаддаг. Яг өөрөө очоод хийнэ гэвэл чадахгүй, айгаад байдаг юм. Миний хувьд банк л ихэвчлэн орох хэрэг гардаг. Банкан дээр бол тайлбарладаг хүн байгаад л байдаг юм.
Тэтгэврийн зээлийн хугацааг 18 байсныг 36 болгосон. Хугацааг нь 36 болгохоор ахмадууд яаж амьдрах болж байна. 36 сараар зээл гэдэг чинь бараг гурван жил юм. Гурван жил тэтгэврийн зээл авчаад хүү төлнө, тэгээд яаж амьдрах юм. Би тэтгэврийн зээл авахаас ч айж байна. Хэрвээ авбал өнгөрөх л юм байна лээ. Хүмүүсийн амьдрал хүнд л байна. Нэг зээлээ дуусгаагүй байж өөр зээл авч тэгэж л амьдарч байна. Манай хүүхдүүд ч зээл ихтэй. Гэхдээ яг хэд гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд би хүүхдүүддээ та нар чинь нэг зээлээ дуусгаж байж авдаггүй юм уу гээд хэлсэн ч аваад л байдаг. Хэрэгтэй хүнд нь зээл нь бол хэрэгтэй л байх. Ахмадууд зээлээс үүдэж эм тариа, даралт, хоол хүнсээ яаж авах уу хэрэгцээ бол их л байгаа.
Хэрвээ 36 сар болгож байгаа юм бол тэтгэвэрээ нэмэх л хэрэгтэй. 1 сая 500 мянган төгрөг бид нараас харамлаад л байгаа юм. Бид нар чинь насаараа 30-40 жил улсынхаа төлөө ажилласан.
Би тэтгэвэрийн хамгийн багыг нь авдаг. Тэгээд өгснийг нь аваад л чимээгүй явж байна. Доод түвшинг бол нэмээгүй, нийтэд нь 80 мянгыг нэмсэн. Доод түвшинг нэмлээ гээд байсан шал худлаа. Бага нь бага хэвээрээ, их нь их хэвээрээ л байгаа юм. Тэтгэвэр нэмэгдэх сургаар юмны үнэ өсөөд бид талхаа авч чадахгүйд хүрэх нь байна. Нэг талх өнөөдөр хамгийн доод талдаа 3000-4000 болсон байна. Сүү гэхэд 5000-6000 сүү уухаа байсан шүү дээ. Багш, эмч нарын цалин нэмэгдээд, тэтгэвэр өслөө гэх сургаар юмны үнэ хэд дахин нугаларч байна. Юмны үнэ нэмэгдээд байхад бидний тэтгэврийн нэмэгдэл ямар хэрэг байна, бүх зүйл бахь байдгаараа л байна.
Өмнө нь Сангийн яам бараа бүтээгдэхүүний үнэд хязгаарлалт хийж, үнээ барьдаг байсан. Жишээ нь үхрийн махыг үүнээс дээш гаргахгүй 6000 гээд л шууд барьдаг байсан. Одоо бол дуртай нь үнээ нэмж байна. Өдөр ирэх тусам л дэлгүүрүүд 100-200 төгрөгөөр барааныхаа үнийг нэмж байна. Махны үнэ бүр аймар. Цагаан сар болох гэж байна гээд зах дээр үхрийн мах 27 мянга гэж байна. Бид нар шиг бага тэтгэвэртэй хүмүүс юугаараа юу авч идэх юм. Тэтгэвэр нэмсэн нэртэй худлаа бүгдийг нь бөөрөнхийлөөд хаясан. Үнийн хязгаарыг тогтоохгүй бол одоо болохоо байлаа, төр ажлаа хиймээр байна.
Төр засгийг хүлээхэд нэг хүний бүтэн амьдрал ч хүрэлцэхгүй
Иргэн Г.Баяр: Хүнд суртал гэдэг зүйл анхнаасаа л байсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд бид засаг захиргааны байгууллагын дэс дараалал, аль асуудлыг хаана хандаж шийдүүлэх ёстойг бага зэрэг ойлгочихвол өмнөх шигээ тийм ч хүнд, боломжгүй зүйл болчихоогүй санагддаг. Олон үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, цаг үеэ дагаад хөгжсөн байна. Харин бид өөрсдөө, ялангуяа ахмад настнууд, энэ хөгжлөөс бага зэрэг хоцорч үлдсэн тал бий.
Жишээлбэл, одоо эмнэлэгт үзүүлэхийн тулд заавал очиж дугаарлах шаардлагагүй, цахимаар цаг авч болдог болсон. Гэтэл энэ боломжийг мэдэхгүй, эсвэл ашиглахгүйгээс болж иргэд бухимдаж, хүнд суртал их байна гэж гомдоллох нь их. Заримдаа иргэд хаана, ямар асуудлаар, аль байгууллагад хандах ёстойгоо сайн мэдэхгүйгээс болж асуудал үүсдэг. Өрхийн эмнэлэгт хандах ёсгүй асуудлаар очоод маргалдах, эсвэл дүүргийн хэмжээнд шийдэгдэхгүй зүйлийг дүүрэг дээр очоод шаардаж, манайх ийм үйлчилгээ үзүүлэхгүй гэхэд нь уурлаж бухимдах тохиолдол ч олон. Мэдээж хүнд суртал бүрэн арилсан гэж хэлэхгүй. Гэхдээ одоо зохицуулж, ойлголцож, дасан зохицоод явж болохоор түвшинд очсон гэж хувьдаа боддог. Иргэд ч өөрсдөө мэдээлэлтэй байж, аль байгууллага ямар чиг үүрэгтэй вэ гэдгийг мэдэж хандах нь чухал юм.
Би хувьдаа төр засгаас бүх зүйлийг хүлээгээд суух нь утгагүй санагддаг болсон. Нэг хүний бүтэн амьдрал төрийн шийдвэрийг хүлээсээр дуусах ч юм шиг. Тиймээс юмны үнэ өсөх болгонд төр засаг дорвитой арга хэмжээ авна гэж найдахаа больсон. Цагаан сар дөхлөө, тэтгэвэр нэмэгдлээ гэсэн сургаар л махны үнэ 30 мянга давж, ундаа ус, өргөн хэрэглээний барааны үнэ 1000 төгрөгөөр нэмэгддэг байдал аль хэдийн хэвийн үзэгдэл болсон.
Миний хувьд эдгээр үнийн өсөлтийг нэг бүрчлэн тооцоод, бухимдаад байхыг өөртөө зөвшөөрдөггүй. Хэрвээ бүгдийг нь нарийн тооцоолж эхэлбэл би өөрөө л стрессдэж, санаа зовж, сэтгэлээр унаж дуусна. Тийм болохоор үнэ өссөн бол өссөн л байна гэж хүлээж аваад, харин өөрийнхөө хэрэглээг танаж, боломждоо тааруулж амьдрахыг илүүд үздэг. Мэдээж үнийн өсөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэж, тэмцэж байгаа олон хүн бий. Гэвч харамсалтай нь бодит үр дүн одоогоор алга. Тиймээс би хувьдаа амьдралаа зөвхөн бухимдал, гомдлоор дүүргэхээс илүүтэй, байгаа нөхцөлдөө дасан зохицож, сэтгэл санаагаа хамгаалж амьдрах нь илүү чухал гэж боддог болсон.