Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Х.Нямбаатарын хувь заяаг НИТХ, Нийслэлийн МАН-ын хороо тус тусдаа шийднэ

Х.Нямбаатарын хувь заяаг НИТХ, Нийслэлийн МАН-ын хороо тус тусдаа  шийднэ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 15
МАН-ын ах нар нь Х.Нямбаатараас Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг даргын албан тушаалыг нь авах ажиллагааг нийслэлийн татварын дарга нарын Дубайд хийсэн томилгоогоор эхлүүлсэн. Эдийн засаг хүнд үед дарга нарыг шагнан нийслэлээс төсвийг нь гаргаж Дубайд аялуулсан гэсэн мэдээллийг олон нийтэд гаргаж тавьсан юм. Төсөв хүнд байхад дарга нар өөрсдийгөө шагнасан нь мэдээж буруу. Гэхдээ энэхүү үйлдлийг илчилсэн нь үнэнч, шударгадаа бус Х.Нямбаатарыг буулгах намын нөхдийнх нь хийсэн ажил бөгөөд Нийслэлийн намын хороогоо авах ажиллагааны эхлэл. Нэг үгээр хэлбэл, намаржин намын даргын төлөө тэмцэлдсэн МАН-ынхан хаваржин нийслэлийн намын дарга болон нийслэлийн Засаг даргын төлөө тэмцэлдэх бололтой.
Нийслэлийн нам бол МАН-ын 50 хувь гэгддэг. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан нийслэлийн намаа ч, хотоо ч авахаар шийдсэн гэнэ. Бүр болоогүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нийслэлийн Засаг дарга болох мөрөөдөлтэй байгаа бол Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нийслэлийн намын хороог авахаар гишүүдээ багцлан уулзаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Орон нутгийн сонгуулийн дараа нийслэлийн МАН-ынхан хуралдаж, Х.Нямбаатарыг намын хорооны даргаар улираан сонгосон. Харин 31-р Их хурлын дараа намын хороог дахин хуралдуулж, намын хорооны даргаа сонгох ёстой гэсэн шахалтыг Ерөнхийлөгчийн багийнхан үзүүлж байгаа гэх. Оноос өмнө Нийслэлийн намын хороогоо хуралдуулахаар шахаж байсан ч дийлээгүй. Тиймээс он гарангуут Х.Нямбаатар даргын эсрэг кампанит ажлаа эхлүүлсэн бололтой. 
Тэгвэл Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаас буулгах, хотын даргаас нь огцруулах, чөлөөлөх асуудлыг хоёр тусдаа шийднэ. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгч хотын даргаар хэнийг сонгохыг шийдэх бол Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд намын хорооны даргаар хэнийг сонгохыг шийднэ.
НИТХ-ын 45 төлөөлөгчийн 40 нь МАН-ынхан бөгөөд бүгдийг нь Х.Нямбаатар дарга нэр дэвшүүлж гаргаж ирсэн. Тиймээс нам нь хоёр хуваагдсан энэ үед даргаасаа урвахгүй, албан тушаалд нь үлдээх "ёстой" ч өнгөрсөн хугацаанд болсон улс төрөөс НИТХ-ын төлөөлөгчид байтугай УИХ-ын гишүүд, сайд нар нь хэрхэн урваж, шарваж болдгийг харсан. Тиймээс 40 төлөөлөгчийн хэд нь Х.Нямбаатарыг хотын дарга хэвээр үлдээх байр суурин дээрээ байхыг хэлэх боломжгүй.
Тухайлбал, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр нь УИХ-ын дарга Н.Учралын хүн. Бүлгийн дарга нь эсрэг багийнх нь хүн байхаар НИТХ-аар асуудлаа дэмжүүлэх хэцүү. Ямар ч асуудлыг бүлгийн дарга базаж, багцалж хуралдаа ордог. Харин НИТХ-д хотын даргын асуудал ороод ирсэн тохиолдолд НИТХ-ын дарга А.Баяр бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох мөрөөдөлтэй яваа Э.Бат-Амгалан сайдын хүн. Тэгэхээр хотын даргын хувь заяаг шийдэх чухал албан тушаалууд нь Х.Нямбаатар даргын эсрэг талынхан байгаа юм.
Харин Нийслэлийн МАН-ын хорооны даргын асуудлыг нийслэлийн намын гишүүд шийднэ. 31-р Их хуралтай уялдуулж заавал намын хорооны хурлыг хий гэсэн шахалт үзүүлж байгаа гэх. Намын хорооны хурлыг хуралдуулахгүй байх хүсэл Х.Нямбаатар даргад байгаа ч шахалтыг удаан хойшлуулж чадахгүй. Тиймээс намын хорооны хурлыг хийх үү, үгүй юү гэдэг шийдвэрийг намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар гаргана. Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн намын хорооны хурлыг зарлавал мэдээж намын хорооны даргын асуудлыг хэлэлцэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн намын хорооны хурлыг Цагаан сарын өмнө хийхээр шахалт үзүүлж байгаа аж. Тиймээс Х.Нямбаатар даргад хоёр албан тушаалаа ар араас нь алдах эрсдэл тулгараад байна. Мэдээж тэр албан тушаалуудаа хадгалж үлдэхийн төлөө тэмцэнэ. Харин намын нөхөд нь л түүний хувь заяаг шийднэ.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн