Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Х.Цэвэлноров: Ходоод болон нарийн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь оношилбол бүрэн эмчлэгдэнэ

Х.Цэвэлноров: Ходоод болон нарийн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь оношилбол бүрэн эмчлэгдэнэ
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны "Шилдэг залуу эрдэмтэн" шагнал хүртсэн, Монгол-Японы эмнэлгийн дурангийн эмч, АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Х.Цэвэлноровтой ярилцлаа. Х.Цэвэлноров ходоодны эрт үеийн хавдрын оношилгооны чиглэлээр судалгаа хийсэн бөгөөд Монгол Улсад хос баллонтой нарийн гэдэсний дурангийн оношилгоо эмчилгээг нэвтрүүлснээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ. Тэрээр 2015 онд АШУҮИС-ийг төгссөн бөгөөд дараа нь Япон Улсын "Жичи" анагаах ухааны их сургуульд дөрвөн жил суралцаж, докторын зэрэг хамгаалсан юм.
-Юун түрүүнд шилдэг залуу эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Яг тухайн мөчид юу бодогдож байв. Хэнд хамгийн их талархахыг хүссэн бэ?
-Баярлалаа. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ талархал илэрхийлэхийг хүссэн. Бага байхаас суурь боловсролд маань анхаарч, хэлний мэдлэг, бүх төрлийн дугуйланд явуулж байсан аав, ээждээ маш их баярламаар байдаг. Мөн хүүхдүүдийг маань маш сайн харж өгдөг болохоор байнгын ажилдаа анхаарах, төвлөрөх боломжийг олгодог. Ажил, сургалтаа тасалдуулж байгаагүй нь зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлэх боломж олгосон болов уу гэж бодож байна. Мөн ээж маань эмч мэргэжилтэй учир миний ажил мэргэжлийг их ойлгож дэмждэг.
-Тэгэхээр эмч болсон нь ээжтэй нь салшгүй холбоотой юу. Эмч болно гээд сонголт хийхэд ээж нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ, багаасаа ээжийнхээ ажил дээр очиж байна гээд эмнэлэгт олон очдог байсан.  Намайг ЕБС-иа төгсөхөд манай ээж “Чи эмч болбол өөрөө л мэд. Гэхдээ эмчийн ажил хэцүү шүү. Яагаад гэвэл хүн хэзээ ч эмч дээр жаргалтай, баяртай үедээ ирдэггүй. Хамаатан, садан, найз нөхөд ч бай эрүүл мэндийн асуудал тулгарсан үедээ л эмчид ханддаг” гэж байсан. Гэхдээ багаасаа л эмч болох хүсэлтэй байсан тул мэргэжлээ сонгосон. Эргэн тойрныхон ч намайг эмч болоход тохиромжтой гэдэг байсан. Ээж эхэндээ өөрөө мэд гэж байсан ч намайг энэ мэргэжлийг сонгосонд баяртай л байдаг.
-Таны хувьд Японд олон жил суралцсан. Тэгэхээр Японы эрүүл мэндийн тогтолцооноос Монголдоо нутагшуулмаар байгаа зүйл нь юу юм шиг ажиглагдсан бэ?
-Миний хувьд Япон улсад докторт суралцаж байх 4 жилийн хугацаандаа дурангийн ахисан түвшний эмнэлзүйн сургалтад давхар хамрагдсан. Япон залуу эмч нартай практик дээр хамт суралцаж, дурангийн нарийн ажилбарууд сурсан. Энэ хугацаанд Монголдоо нутагшуулмаар зүйл олныг олж харсан. Заримыг нь ажил дээрээ хэрэгжүүлээд явж байгаа боловч эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, улсын эдийн засаг гэх мэт биднээс шууд хамаарахгүй зүйлс бас байна. Жишээ нь, Японд эмч нар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хэрэгслээр бүрэн хангагдсан байдаг учир нэг багаж тохирохгүй бол шууд дараагийнхыг нь хэрэглэдэг. Эмчилгээ хийхдээ төлбөр мөнгөнд санаа зовдоггүй нэг удаадаа л хэчнээн сая төгрөгийн багаж хэрэгсэл хэрэглэж байдаг. Харин Монголд зарим мэс ажилбар дээр багажийн сонголт, тоо хязгаарлагдмал байдаг. Эмч нар эмнэлгээс болон өвчтөнөөс гарах мөнгийг үргэлж бодох хэрэгтэй байдаг. Хүнд өвчтөнд гаднын эмч нараас гуйж багаж хэрэгсэл авчрах тохиолдол ч байдаг. Япон шиг хангамж, мөнгөний тал дээр санаа зоволгүйгээр ажлаа хийх юмсан гэж бодогддог.
-Хавдрын олон төрлүүд бий. Тэр дундаас яагаад ходоодны эрт үеийн хавдрын оношилгоог хэрхэн сайжруулах талаар судлах болсон бэ. Судалгаагаа хэр хугацаанд хийсэн, ямар үр гарсан бэ?
-Анх 2009 онд манай буурал ээж C вирусийн шалтгаант элэгний хорт хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэсэн ч гурван жил болоод нас барсан. Магадгүй Монгол айл бүр хортой хавдрын шалтгаанаар хайртай нэгнээ алдаж байгаа байх. Би хортой хавдрын эсрэг тэмцэж, өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм байна гэж дотроо шийдэж байсан. Ингээд нарийн мэргэжил сонгох үедээ энэ талаар илүү нухацтай хайж эхэлсэн. Хортой хавдрын эмчилгээний олон улсын чиг хандлага нь тухайн хүний гений онцлог болон хавдрын эсийн онцлогт нь тохирсон нарийвчилсан эсийн түвшний эмчилгээ байдаг. Гэтэл энэ эмчилгээ нь яг бидний амьдралд, бүх төрлийн хавдрын эмчилгээнд хэрэглэж эхлэхэд удаан хугацаа зарцуулагдах учир энэ төрлийн судалгаа хийдэг судлаач болох нэг зам харагдсан. Гэхдээ эмчийн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй учир яг өөрөө хортой хавдрыг эмчлээд үр дүнтэй байх салбарыг сонгох нь зүйтэй гэж бодсон. Нэг өдөр интернэтээр хайлт хийж байтал Монгол Улс ходоодны хорт хавдраараа нэгдүгээрт явж байгаа график олж харсан. Харамсалтай нь ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байсан. Гэтэл ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл бид бүрэн эмчлэх боломжтой. Тэр талаар олж мэдээд энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар шийдсэн. Тийм ч учраас миний докторын судалгааны бүтээл ходоодны эрт үеийн хавдрын дурангийн оношилгоог хэрхэн сайжруулах талаар байсан. Судалгааны үр дүнг энгийнээр тайлбарлавал аль болох сүүлийн үеийн нарийн оношилгооны тусгай гэрэл бүхий дурангаар ходоодоо дурандуулснаар эрт үеийн хортой хавдрыг орхигдуулах магадлал нь багасна гэж гарсан. Ходоодны эрт үеийн хавдар нь эрүүл эдээсээ ялгагдахгүй өнгөц байдаг тул дурангийн шинжилгээний үеэр олон хүчин зүйлсийн нөлөөгөөр зарим тохиолдолд оношлохгүй өнгөрөх тохиолдол байдаг. Гэтэл эрт үед нь оношилж байж бид хортой хавдрыг дурангаар хуулж авах ажилбар хийж тухайн хүний хортой хавдрыг бүрэн эмчлэх боломжтой. Тийм учраас дурангийн оношилгоо сайн байх нь эхний чухал алхам.
-Манай улс ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлэх эгнээнд явдаг нь юутай холбоотой гэж судлаач хүний хувьд хардаг вэ?
-Нийт ходоодны хортой хавдрын 89 орчим хувь нь хеликобактерийн шалтгаантай байдаг. Хеликобактерийн халдвар нь хэдэн арван жилийн турш ходоодны салстыг үрэвсүүлж, салстын хатангиршил үүсгэж, эсийн түвшинд өөрчлөлтөд оруулснаар ходоодны хорт хавдарт шилждэг. Монгол Улсад хеликобактерийн халдварын түвшин өндөр буюу 70-80 хувьтай байгаа. Мөн давсны хэрэглээ, тамхи татах зэрэг эрсдэлт хүчин зүйл болдог. Энэ чиглэлээр АШУҮИС болон Японы Ойта Их Сургуулийн хамтарсан томоохон судалгааны төслүүд хэрэгжиж байна. Үүний үр дүн нь гарахаар Монгол Улс ходоодны хортой хавдрын өвчлөлөөр яагаад тэргүүлж байгаа талаар арай илүү нарийн хариу өгөх боломжтой болох юм.
-Ходоодны хорт хавдрын оношилгоо, эмчилгээ талдаа манай улс ямар түвшинд байна гэж хардаг вэ?
-Эрт үеийн ходоодны хортой хавдрын оношилгооны хувьд үндэсний хэмжээнд эрт илрүүлэг эхэлсэнтэй холбоотойгоор огцом сайжирсан. 2022 оны 5-9-р сарын эрт илрүүлгийн дүнг харахад нийт оношлогдсон ходоодны хавдрын 51 хувийг эрт үеийн хавдар эзэлж байсан. Гэтэл эрт илрүүлэг эхлэхээс өмнө нийт ходоодны хортой хавдрын дөнгөж 6-7 хувь нь эрт үедээ оношлогддог байсан байна. Эмчилгээний хувьд ихэнх нь гуравдугаар шатлалын болон том хувийн эмнэлэг дээр хийгдэж байна.
-Ходоодны хорт хавдарт удамшил хэр нөлөөлдөг вэ?
-Удамшлын шалтгаант ходоодны хортой хавдар 1-3 хувийг эзэлдэг. Ойрын гэр бүлд нь 50 нас болон түүнээс илүү залуу үедээ ходоодны хортой хавдар оношлогдож байсан эсвэл үүнээс шалтгаалан нас барсан бол удамшил нөлөөлөх хандлагатай гэж үздэг. Эс нь хоруу чанар өндөр, залуу насанд 30-аас доош насанд тохиолдвол хавдар удамшлын шинжтэй байх магадлал илүү өндөр. Дийлэнх буюу ходоодны хортой хавдрын 97 хувь нь хеликобактер болон бусад орчны хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг.
-Ходоодны хорт хавдрын эхэн үедээ оношлогдвол бүрэн эдгэрдэг гэлээ. Тэгвэл эхэн үедээ ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Эхэн үед шинж тэмдэг илрэхгүй, бидний гар дээр байдаг мэнгэ шиг эсвэл түүнээс жижиг хэмжээтэй байна гэсэн үг. Ходоодны хорт хавдар хэрэв хожуу оношлогдвол ходоодыг хэсэгчлэн эсвэл бүтнээр тайрах мэс засал, хими эмчилгээ гэх мэт хүндрэл их, амь насанд эрсдэлтэй эмчилгээнээс өөр сонголтгүй болсон байдаг. Харин эрт үед нь оношилбол ходоод дуранддаг уян дурангаар хортой хавдрыг өөлөөд авдаг. Хүндээ ээлтэй, гаднаас зүслэг хийхгүй, эрсдэл бага, гол нь өвчнийг бүрэн эмчлэх боломжтой ажилбар юм. Иймээс л эрт үед нь оношлох хамгийн чухал.
-Иргэдийн гаргадаг түгээмэл алдаанаас хуваалцахгүй юу. Иргэд ходоодны хорт хавдраар өвдөхгүйн тулд юу хийх вэ?
-Иргэдийн дунд дурандуулбал муу, хоолой, ходоод гэмтэнэ гэдэг түгээмэл буруу ойлголт байдаг. Дурандуулахад муу зүйл байдаггүй. Хэрэв шаардлагатай бол өдөр дарааллан эсвэл 7-14 хоног, сарын дараа ч дахин дуранддаг. Олон дурандуулахад муу зүйл байхгүй. Хортой хавдраар өвдөхгүйн тулд эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, хеликобактерийн оношилгоо эмчилгээ, давсны хэрэглээг багасгах, тамхи татахгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах зүйлсийг аль болох эрт хийж эхлэх нь зүйтэй. Нэгэнт үүссэн хавдрыг одоогийн байдлаар зөвхөн дурандаж байж л оношилж байгаа. Тийм учраас 40-с дээш насны иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Хэрвээ ходоодны дурангийн шинжилгээнд ороод өөрчлөлттэй байвал тухайн эмч нь хяналтын давтамжийг хэлээд өгнө. Иргэд ямар нэгэн зовуурь илрэхээс өмнө заавал эмчид хандаж урьдчилан сэргийлэх байдлаар өөрийгөө үзүүлж байгаарай.
Манай эмнэлэг дээр ходоодны эрт үеийн хорт хавдар оношлогдсон өвчтөнд "Шинжилгээгээ бүрдүүлээд ажилбартаа орох хэрэгтэй байна" гэж хэлтэл мал төллөх гэж байгаа гээд сарын хугацаанд хөдөө гэр лүүгээ яваад өгсөн. Хойноос нь асууж байгаад ажилбарт нь оруулж одоо хяналтад байдаг. Монголчууд тайван, ходоод нь өвдсөн ч яах вэ, дараа жил үзүүлье гэж ханддаг. Хэвлийгээр хүчтэй өвдөх, цустай бөөлжих, хоол идэж чадахгүй болсон үедээ эмнэлэгт ханддаг тохиолдол их бий. Гэтэл хэтэрхий хожимдсон, эмчилгээгүй болсон харамсалтай тохиолдлууд их гардаг. Эрүүл мэнд бол хувь хүний хамгийн үнэт зүйл. Үүнийг улс биш хувь хүн өөрөө хариуцах ёстой. Өөрийнхөө эрүүл мэндийг хайрлаасай.
-Таныг Монголд нарийн гэдэсний хоёр баллонт дурангийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж сонссон. Уг оношилгоо, эмчилгээг нэвтрүүлснээр Монголд ямар үр дүн гарч байна вэ?
-Миний суралцсан Жичи АУИС-ийн Ямамото профессор хоёр баллонтой нарийн гэдэсний дуранг зохион бүтээсэн хүн. Тус эмнэлэг нь Япон улсдаа томоохон нарийн гэдэсний төвд тооцогддог. Докторт суралцах хугацаандаа нарийн гэдэсний дурангийн оношилгоо ажилбарт суралцаж, Монголдоо нэвтрүүлэх боломж олдсон. Япон дахь хамт олон, профессорууд, Монгол дахь хамт олныхоо дэмжлэгээр 2024 оноос хоёр баллонтой нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээг Монгол-Японы эмнэлэг дээр албан ёсоор хийж эхэлсэн. Хоёр баллонтой дурангаар 6 метр орчим урт нарийн гэдсийг аюулгүй бүрэн оношлох, цаашлаад эмчилгээ хийх боломжтой болсон. Нарийн гэдэсний эмгэг нь ходоод эсвэл бүдүүн гэдэстэй харьцуулахад ховор тохиолддог. Одоогийн байдлаар бид 20 гаруй хүнд хийсэн. Хоёр баллонт дуран нь яаралтай мэс заслаас сэргийлэх, эдийн шинжилгээ авах, цус тогтоох, ургацаг авах зэрэг ач холбогдолтой байна. 
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн