Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар руу чиглэсэн дайралт хэвлэл мэдээлэл, сошиал орчинд эрчийг авч байна. Татварын албаныхны Дубайд зугаалсан асуудлыг ч нам дотроос нь гаргаж, төсвийг нийслэлээс гаргасан хэмээн тарааж байна.
Эндээс харахад, Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ын хороог авах ажиллагаа нам дотор нь эхэлсэн бололтой. Уг нь намын даргын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хотын дарга Х.Нямбаатартай уулзаж "намын даргад дэвшихгүй байвал намын хороо, нийслэлээ ав" гэсэн тохироо хийсэн гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарсан. Тэгвэл энэ тохироо хэдхэн сарын настай байсан бололтой. Ямартаа ч Х.Нямбаатар даргын эсрэг кампанит ажил эхэлжээ. Оны өмнө нийслэлийн намын хорооны хурлыг зарлах байсан ч хойшлуулсан бөгөөд ойрын хугацаанд хуралдуулахаар ярьж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ хурлаар Х.Нямбаатарыг намын хорооны даргаас буулгахаар нам дотроос нь ажиллаж эхэлсэн бололтой.
Гэхдээ Х.Нямбаатар бол жижиг улстөрч биш. Нийслэлийн намаа удирдан сонгуульд орж, 45 суудлаас 40-ийг нь авч чадсан. Өмнө нь хэрэгжүүлж байгаагүй олон шинэ төслүүдийг зориглон хийж байгаа Засаг дарга. Хэвлэл мэдээлэл, сошиалд шүүмжлүүлэхээс айж шийдвэр гаргадаг, ажил хийдэг хүн төрд байхгүй болсон. Тэгвэл Х.Нямбаатар зоригтойгоор олон төсөл эхлүүлж, олон ч бүтээн байгуулалт хийж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авдаг.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хотын дарга болох хүсэлтэй байгаа гэх. Хэрвээ Х.Нямбаатарыг зайлуулж, нийслэлийн нам, хотыг авч, Я.Содбаатар хотын дарга болбол энэ улс зарим хүний анхааруулдаг шиг "Ерөнхийлөгчийн улс" болох нь. Учир нь төрийн бүх шатанд, яам, агентлагийн даргаар Ерөнхийлөгчийн хүмүүсийг томилоод байгааг хүн бүхэн мэддэг болсон. Ямартай ч МАН-ын даргын сунгаанаас үүдсэн хагарал нийслэлийн намын хорооны даргаар үргэлжлэх бололтой.