Ахмад настнууд арилжааны банкyудын шударга бус шийдвэрийг эсэргүүцэж, өнөөдөр /2026.01.07/ мэдээлэл хийлээ. Ахмадууд 2026 оны улсын төсөвт тодотгол хийж, тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмүүлэх шаардлагыг тавьж байгаа аж. Энэ байр суурьтаа хатуу зогсоно гэлээ.
Ахмадын төлөөлөл Ц.Алтанзул: Бид өнөөдөр үймээн самуун дэгдээх гэж цуглаагүй. Бид хүн шиг амьдармаар байна. Бүх ахмадууд тэтгэврээ 36 сараар зээлж авахгүй. Хаан Банкин дээр 306 мянга орчим тэтгэвэр авагч байгаагаас 180 мянга орчим нь зээлтэй байна. Үүнээс 75 мянган тэтгэвэр авагч нь 2025 оны долоодугаар сард 24 сараар тэтгэврээ авсан байна. Тэгэхээр 180 мянгуулаа 36 сарын зээл авахгүй ээ. Ямар үед ахмадын тэтгэврийн зээл нэмэгддэг гэхээр Цагаан сарын баяр, намар хичээл сургууль орох үе байгаа юм. Миний хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан. Нийт 14.287.000 төгрөг болж, хүүд нь 2.200.000 төгрөг төлсөн. Тэгээд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгасны дараа 23 сарын үлдэгдэлтэй, зээл авах хүсэлт өгөхөд үндсэн тэтгэврийг 80 хувьдаж, 24 сарын зээлийг хассан. Надаас хүү гэж 4.400.000 төгрөг авч, гарт минь 3.200.000 төгрөг өгсөн. Би одоо 36 сар 135 мянган төгрөгөөр амьдрах болчхоод байна.
Бид төрийн гурван өндөрлөгтэй уулзмаар байна. Ахмад настнууд өнөөдөр нийгмийн хамгийн доод давхаргын иргэд болсон байна. Бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Бид өнөөдөр дундаасаа мөнгөө нийлүүлж, цуглуулаад дөрөв дэх удаагаа хэвлэлийн бага хурлаа хийж байна. Удаа дараа шаардлагаа хүргүүлсэн ч хүн гэж тоогоогүй. Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг тавьсан. Хоёрт, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, батлан даалтын шаардлагыг уян хатан болгох, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөхийг шаардсан. Өнөөдөр арилжааны банкнууд төрөөс давсан эрх мэдэлтэй байна. УИХ-ын дарга Н.Учралд бүрэн эрх нь байхад арилжааны банкнуудын аманд багтаад сууж байгаа нь харамсалтай.