Нийт нутгийн нэг, хоёрдугаар сарын агаарын температур, хур тунадас ямар байх тухай болон өвөлжилт аль нутгуудаар хүндрэхээр байгаа талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалан мэдээлэл өглөө.
Нэгдүгээр сарын агаарын температур
Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар болон Орхон Сэлэнгийн сав газарт 24-34 градустай. Увс нуур Дархадын хотгороор 30-33 градус, Алтай говь болон говийн бүс нутгаар 12-18, бусад нутгаар 18-24 градус хүйтэн байдаг. Тэгвэл 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр төвийн ихэнх нутгаар, зүүн аймгуудын ихэнх болон говийн аймгуудын зүүн хойд хэсгээр тухайлбал Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн зүүн хойд талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Харин нутгийн баруун өмнөд хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор, өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд олон жилийн дунджаар Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2-4 мм бусад нутгаар 0-2 мм цас ордог. 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгийн сумдаар болон Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий Ховд Говь-Алтайн Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөв гарсан.