Open iToim app
Нийгэм | 7 мин уншина

Байр суурь: Монголдоо л сайхан амьдаръя гэдэг итгэл үнэмшилтэй учраас амрах завгүй ажиллаж байна

Байр суурь: Монголдоо л сайхан амьдаръя гэдэг итгэл үнэмшилтэй учраас амрах завгүй ажиллаж байна
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 6
Хүн амын тоо өссөөр байгаа ч ажиллах хүчний хомсдол улсын хэмжээнд санаа зовоох асуудлын нэг болоод байна. Жил ирэх тусам нэмэгдсээр байгаа хүний нөөцийн дутагдал аж ахуйн нэгжүүдийн толгой өвтгөсөн сэдэв болжээ. Залуусын гадагшаа явах урсгал тасралтгүй үргэлжилсээр байгаа ч эх орондоо сайхан амьдрах гэж хичээж байгаа нь ч цөөнгүй. Иймд эх орондоо амьдрахад тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн даван гарч байгаа талаар залуустай ярилцлаа.

А.Батжаргал: Монголын тогтолцоо, систем нь сайхан болчиход залуус эх орондоо сайхан амьдарч чадна

undefined
Нийгмийн ухааны багш А.Батжаргал: Миний хувьд Монголдоо сайхан амьдаръя гэдэг итгэл үнэмшил, зоригтойгоор хэдэн давхар ажил хийгээд амрах завгүй оюутан байхаасаа ажиллаж байна. Оюутан байхдаа бариста, зөөгч гэх мэтчилэн давхар олон ажил хийдэг байсан. Одоо ч хийдэг. Өглөө 6 цагаас үндсэн ажлаа хийгээд 16 цагаас хойш гэрийн багш, хагас, бүтэн сайнд сургалтаа орж, тэмцээн шүүдэг. Ер нь хагас, бүтэн сайнаар амарч үзээгүй маш удаан явж байгаа. Багшаар ажиллаад яг нэг жил болж байна. Монголд багш мэргэжлийг үнэлэх үнэлэмж маш муу. Үүнийгээ дагаад цалин муу. Тэгэхээр Монголд багшаар ажиллана гэдэг их эр зоригтой хүмүүсийн л ажил байх гэж боддог. Мөн өөрийгөө золиослоод хүүхдийг хайрладаг хүн л энэ мэргэжлийг сонгодог болов уу. Зөвхөн өөрийгөө бодоод хөгжүүлье гээд үндсэн багшийнхаа ажлаа хийгээд явбал цалин хаанаа ч хүрэхгүй. Багшийн ажил шалгалтын анализ, судалгаа, хүүхэд хөгжүүлэх төлөвлөгөө гээд бичиг, цаастай их зууралддаг. Үүгээр зогсохгүй анги даасан багш бол бүр их ажилтай.  Бичиг цаастай их зууралддагаасаа болоод ажлаасаа халшрах нөхцөл байдал үүсгэдэг. Монголдоо л сайхан амьдаръя гэдэг итгэл үнэмшил л байгаа учраас эх орондоо амьдраад байна. Эх орондоо амьдарна гэдэг өөрийнхөө дураар эрх чөлөөтэй амьдарна гэдэг хамгийн том давуу тал. Гэхдээ энэ үнэт зүйл хэзээ нэгэн цагт нурвал орхиод гадаадыг зорих байх. Цалин хөлс бол амьдралын баталгаа. Хөдөлмөрийн үнэлэмж муу байгаа учраас залуус олноороо гадаад явахыг хүсдэг байх. Өртөг нь цалингаасаа түрүүлээд яваад байдаг. Араас нь цалин гүйцдэггүй. Энэ л эх орондоо амьдрахад хамгийн том сорилт болж байна. Монголын нөхцөлд ганц ажил хийвэл амиа л зогооно. Харин гадаадад нэг ажлаа хийгээд залуус сайхан амьдарч болоод байгаа болохоор олноороо яваад ч байж болно.
Надад гадагшаа явж сурах төлөвлөгөө байгаа ч тэндээ амьдрах төлөвлөгөө байхгүй.
Манай Gen Z үеийнхнийг хэл амтай, залхуу гээд сонин хандлагууд их байдаг. Гэхдээ манай залуус тийм ч залхуу биш. Нэг ажлаа тараад нөгөө ажил руугаа явж байгаа хүмүүсийг залхуу гэж хэлж болохгүй. Манай найзууд оюутан байхдаа ангидаа уулздаг байсан бол ажил дээр гараад тал талд давхар ажил хийгээд онлайн уулзалт л олон хийдэг болж байна.
Залуус өөрийнхөө эрхийг, үнэт зүйлээ хамгаалж, тэмцэж, үгээ хэлж чаддаг хүмүүс. Тэрнээс биш өөрийнх нь эрх зөрчигдөж байхад дуугүй байдаг үе өнгөрсөн. Монголын тогтолцоо, систем нь сайхан болчиход залуус эх орондоо сайхан амьдарч чадна. Залуу хүний эрч хүчээр Монголоо сайхан хөгжүүлж чадна. Одоо Монголын залуусын оюуны, биеийн хөдөлмөр, авьяас ур чадвар нь гадагшаа урсаад байгаа.

Э.Бадамаа: Хэн нэгэн надад хийж өгөх ёстой гэхээсээ илүү би үүнийгээ хийх ёстой гэдэг зарчмаар явбал Монгол Улс хөгжинө

undefined
Э.Бадамаа: Монголд хүн анхдагч хэрэгцээгээ хангахад цалин хангалттай хүрэлцдэггүй.  Би гадагшаа явж боловсролоо дээшлүүлэхээр олон удаа оролдож үзээд бүтэлгүйтсэн болохоор эх орондоо өөрийгөө илүү хөгжүүлэхээр шийдсэн. Манайд ч гэсэн олон боломж байдаг юм байна гэдгийг эх орондоо үлдэх шийдвэр гаргасны дараа илүү сайн ойлгосон. Иймдээ ч одоо “Бадарчин” ажилтны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг компанид ерөнхий менежерээр ажилладаг. Мөн “Аригато” хоол үйлчилгээний газрын үйлчилгээний зохион байгуулагч, Дөрвөн өлзий ХХК Видан брэндийн сошиал хариуцсан менежерээр ажилладаг. Үүгээр зогсохгүй зуны улиралд давхар тоглолтын ажлууд дээр ажилладаг. Тоглолттой үеүдэд нойргүй явсан өдрүүд ч олон. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор түүндээ төвөгшөөдөггүй. Хүн юуг, яаж, ямар өнцгөөс харахаас бүх зүйл шалтгаалдаг юм билээ. Өөрөө хайгаад, хичээл зүтгэлтэй, санаачилгатай байвал дэмжлэг ихтэй, тэр дундаа ялангуяа манай үеийнхэнд хүссэн карьертаа очих боломж бий. Удирдлагууд хүнээр их “өлссөн” байгаа. Тиймээс өөрийнхөө санал, санаачилгыг өөртөө залгихгүй илэрхийлээрэй. Итгэл алдрах үед зээл л тэвчээд үлдэх шалтгаан өгсөн дөө. Олон зээлтэй байсан болохоор “Чи өнөөдөр залхуурч болохгүй. Хэрэв залхуурвал ийм асуудал үүснэ” гэдэг маш том хөшүүрэг болж байсан. Нөгөө талаараа хамтарч ажиллаж байгаа хамт олон, удирдлагууд ажлын уян хатан нөхцөл байдлыг санал болгосон.
Манай үеийнхний зарим нь хариуцлагагүй. Гэхдээ энэ бол нийгэмд байдаг нэг л үзэгдэл. Мөн хөдөлмөрч хэсэг нь ч бий. Сурахынхаа хажуугаар ажилладаг, олон ажил давхар хийдэг залуус олон байдаг. Бүгд л завгүй, хаа нэг хоорондоо уулздаг, ярьдаг, нэг нэгнийгээ хүндэлж ойлгодог, тусалж, дэмждэг.
Залуус бид болохгүй зүйлийн төлөө дуугардаг байх хэрэгтэй. Тэгж байж бага багаар улсынхаа болохгүй байгаа зүйлсийг засаж чадна гэж боддог. Аливаа зүйлийг нэг өнцгөөс харахаас илүү олон талаас нь харьцуулдаг байгаасай. Хэн нэгэн надад хийж өгөх ёстой гэхээсээ илүү би үүнийгээ хийх ёстой гэдэг зарчмаар явбал Монгол Улс хөгжинө. Үүнийгээ дагаад эдийн засаг сайжирна. Маш гоё санаа, үнэт зүйлтэй стар ап компаниуд олон бий. Түүнийгээ эхлүүлэх гэхээр хөрөнгө, татвар, ажиллах хүчнээс болоод асуудал үүсдэг. Эдгээрийг сайжруулснаар хүмүүс гадаадад сурчхаад эх орондоо ирж боловсролоо зөвөөр ашиглаж, нийгэмдээ үнэлэгдэх боломж үүснэ. Ер нь өөрийнхөө нийгэмд юу болоод байгаа гэдэгт хар массын янз бүрийн хэрүүлийг харахаас илүүтэйгээр чухал зүйлдээ төвлөрч байж гадаадаас ирж байгаа нь эх орондоо сайхан амьдарч чадна. Эх орондоо байгаа нь ч дуу хоолойгоо өргөж байж өөрсдийнхөө амьдралыг сайжруулна. Өөрийнхөө чадах зүйлээ эх орондоо хийж үр хүүхдээ ч монгол соёл, ахуйтай ойрхон өсгөхийг хүсдэг.  Хэн  ч хайртай дотнын гэр бүл, найзуудаасаа салаад хол байхыг хүсэхгүй шүү дээ.

С.Энхцэцэг: Залуусын урмыг мохоох биш итгэлийг өрддөг ажлын байр олон болоосой

undefined
С.Энхцэцэг: Номын хэл найруулга, техник, орчуулгын редактораар ажилладаг. Мөн Усны гудамж сайтыг найзуудтайгаа ажиллуулдаг. Хэл соёлын хамгаалж байгаа хамгийн чухал зүйл бол сэтгэлгээ. Хүн болгон хүүхдүүдийн монгол хэл муудаж байна. Залуусын монгол хэлний хэрэглээ тааруу байна гэсэн зовнилтой байгаа. Цаанаа бол монгол сэтгэлгээ алдагдчих вий гэсэн айдастай байна л гэсэн үг. Гэхдээ орчин цагтай хөл нийлүүлэхгүй хоцроод үлдэнэ гэж байхгүй. Монгол хэлээ үл тоохгүй байх нь л хамгийн чухал байх. Хүндлэхээ битгий болиосой гэж хүсдэг. Яг үнэндээ уран зохиолын салбарын цалин, орлого хангалттай биш. Алдаа гаргахгүйн тулд редактор мэргэжилтэй хүмүүс ажлын найман цагийн найман цагт нь төвлөрөх шаардлагатай байдаг. Надтай ажилладаг байсан хүмүүс ажлын цагаасаа хэтрүүлж дандаа илүү цагаар суудаг. Энэ нь энгийн үзэгдэл мэт болсон. Гэтэл тухайн хөдөлмөртөө дүйцэхүйц цалинг Монголд авч чаддаггүй. Түүнийг үнэлэх үнэлэмж, соёл бүрэлдээгүй байгаа. Зүгээр л ажилдаа хайртай хүмүүс энэ салбарт байдаг. Уран зохиол гэдэг үзэсгэлэнтэй сайхан зүйл. Миний хувьд их сургуулиа төгсөөд телевизэд хоёр жил ажиллах хугацаандаа хэл шинжлэлээр сурах мөрөөдөлтэй болсон. Монголд гадаад хэлний галигийн журам байдаггүй. Англи хэлний галиг бидэнд маш их хэрэгтэй байгаа гэдгийг мэдээний текст дээр ажиллах хугацаандаа мэдэрсэн. Тэгэхээр Монголд үлдээд надад хийх зүйл олон байгаа учраас эх орондоо амьдрах нь илүү үнэ цэнтэй юм шиг санагддаг. Сайн сайхан зүйлийг олж харья гэвэл олон бий.  Ер нь ихэнх хүмүүс л эх орондоо яаж сайхан амьдрах вэ гэж боддог. Түүнээс биш шууд яваад өгье гэж боддог нь цөөн байх.  Бүр болохгүй болохоор л явж байгаа.
Нийгэмд өчнөөн л асуудал байна. Ажлын байранд гарахад дунд үеийнхний залуусыг үнэлдэг үнэлэмж нь их саад болдог юм шиг санагдсан. Байгууллага хүмүүсийг ажиллуулах гэж байгаа бол эхлээд соёлоо бүрдүүлсэн байх ёстой. Гэвч соёл нь төлөвшөөгүй эсвэл шинэ санаа дэвшүүлэхэд үл тоодог тохиолдол олон бий. Манай үеийн залуус алдаагаа засъя, сайжиръя гээд ажлын цагаасаа хэтрүүлж ажилладаг. Гэтэл түүнийг нь урамшуулах систем огт байхгүй. Зөвхөн муу байгаа дээр нь төвлөрдөг байдал ажиглагддаг. Алдааг өөртэй нь ярилцах ёстой байтал олны дунд гоочилдог. Хүнээс үг сонсоно гэдэг доромжлохыг эсвэл хүчирхийллийг тэвч гэсэн үг биш. Дээд үеийнхэн залуусыг “Доромжлол, хүчирхийллийг тэвчих, гүрийж ажиллах, бага цалин авах, их зүйл хийх ёстой. Яагаад гэвэл чи гэр бүл зохиогоогүй, үр хүүхэд гээд санаа зовох асуудал байхгүй. Бүх цаг хугацаагаа энд зарцуул” гэдэг. Туршлагатай хүний ур чадварыг шууд шаарддаг. Эдгээр нь залуусыг шантрахад хүргэдэг юм билээ. Залуус өөрсдөө хөгжье, суръя, чадъя, даван туулъя, гарц хайя гэж хичээдэг. Миний хувьд утааг шийдэх нэг арга нь ядаж утааг сайн шүүдэг уушгитай байх юм сан гэж боддог. Үүнтэй адилхан өөдрөг залуус олон бий. Иймд дээд үеийнхээ залуусыг хэт шүүмжлэх биш өмнө нь дагтаршуулсан соёлыг засах боломж гэж хараасай.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн