Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.30) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13 000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 178 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нийт 176 орчим мянган санал авсны эцэст Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байна.
Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ.
Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай, шударга татвар төлөгчдөөр өр төлүүлэх ажиллагааг уян хатан, нээлттэй болгож, хугацаа боломж олгосон байдлаар хэрэгжих тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.