Тодорхой бэрхшээл буюу хөгжлийн бэрхшээл нь хүний ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлахаас гадна нийгмийн харилцаа, гадаад орчин нөхцөлд ч олон саад тотгор учруулдаг билээ. Гэсэн ч эдгээр бэрхшээлийг үл ажран өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнч байж, тууштай урагшилсаар яваа хүмүүс бий. Тэдний нэг бол зураач, утга зохиол судлаач Б.Аруусан юм. Түүний амьдрал, уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.
-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Миний бие зураач, утга зохиол судлаач мэргэжилтэй. Одоогоор кино зохиолын чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж, энэ салбарыг илүүтэй сонирхон судалж, кино зохиол бичихэд анхааран уран бүтээлээ туурвиж яваа залуу уран бүтээлч байна.
-Та зураг хэн нэгнээр заалгаж сурсан уу эсвэл өөрөө зурж сурсан уу?
-Ухаан орсон цагаасаа л цаас, харандаа хоёрыг нийлүүлээд зураг зураад суучихдаг хүүхэд байсан. Харьцангуй биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болоод илүү их төвлөрч, удаан сууж хийж чаддаг зүйл маань тухайн үедээ зураг зурах байсан учраас уран зурагт улам дуртай болсон. Ингээд мэргэжил сонголтынхоо үед ч уран зургийг сонгож сурсан юм.
Сурч байх явцад янз бүрийн материалтай танилцаж, тэдгээрийн талаар судалж, бэлтгэх шаардлага гарснаар бичих, туурвих талдаа илүү сонирхолтой болсон. Үүнийгээ дагаад утга зохиол судлалаар мэргэжлээ дээшлүүлж, хоёр мэргэжлийг хослуулан эзэмшсэн. Одоо уран зураг, утга зохиолын аль алинд нь сонирхолтой бөгөөд зорилгоо болгон уран бүтээлээ туурвин явж байна.
-Та багаасаа урлагт дуртай хүүхэд байсан уу. Уран зураг зурдаг мөн утга зохиол судлаач мэргэжилтэй шүү дээ.
-Би багаасаа л шүлэгт дуртай, шүлэг цээжилж өссөн хүүхэд. Тайз, дэлгэцийн урлаг, утга уран зохиолд татагдах суурь маань ч тэр үеэс л аяндаа бүрэлдсэн гэж боддог. Үүний шалтгааныг хожим эргээд бодоход, өөрийн мэдэлгүйгээр энэ зүйлд дурлах үндсийг манай ээж надад бий болгож өгсөн юм шиг санагддаг.
Манай ээжийн түүх өөрөө их сонирхолтой. Тэрээр арван жилийн сурагч байхдаа Хүүхэд, залуучуудын театрт драмын дугуйланд хамрагдан жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй явдаг байжээ. Сонгон шалгаруулалтад тэнцэж, өнөөдөр оргилд хүрсэн зарим жүжигчдийн хажууд дагалдан жүжигчин хийж ч байсан. Гэвч амьдралын нөхцөл, шаардлагаас шалтгаалан өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж чадалгүй орхиход хүрсэн юм.
Гэсэн ч ээж минь надад хэзээ ч жүжигчин байсан гэж онцолж ярьж, энэ чиглэлээр яваарай гэж зааж, чиглүүлж байгаагүй. Харин би өөрөө л яагаад ч юм урлагт татагдаж, ээжийн минь зүрх сэтгэлд үлдсэн тэр мөрөөдлийг зөнгөөрөө үргэлжлүүлж яваа юм шиг санагддаг.
-Та одоо ямар зохиол дээр ажиллаж байгаа вэ. Хэзээнээс энэхүү зохиолынхоо санааг бодож, бичиж эхэлсэн бэ?
-Зохиол бичих сэдлийн тухайд гэвэл Дүрслэх урлагийн сургуулийг 2017 онд төгссөн. Сурч байх хугацаандаа 2016 онд анхны зохиолын санаагаа бодож олсон. Угаасаа бичих, утга зохиолд дуртай хүүхэд байсан ч өөрийн туурвих чиглэлээ заавал кино зохиол байгаасай гэж их хүсэл эрмэлзэлтэй явсан. Сайн юм бүтээчих юмсан, дэлгэцээр гаргачих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл маань одоо бичиж байгаа зохиолд ч хүчтэй туссан байдаг.
Би өөрөө нийгмийн цөөнх бүлгийн төлөөлөл болсон хүний хувьд яг тэр хүмүүсийн дуу хоолой нь болохыг хүсдэг. Тиймээс өөрийн мэддэг, чаддаг мэргэжил, уран бүтээлийн хэлбэрээр дамжуулан тэдний асуудал, мэдрэмж, түүхийг хөндөж, сэдэв агуулгаа гаргаж ирэхийг зорьсон. Эцсийн зорилго маань нийгэмд тодорхой хэмжээнд ч болов өөрчлөлт авчрах явдал.
Уран бүтээлч хүний хувьд хийж бүтээж байгаа зүйлээсээ авах хамгийн том таашаал нь кино зохиолоо эцсийн байдлаар нь дэлгэцийн бүтээл болгож, олонд хүргэх тэр мөч гэж боддог. Энэ зорилгын төлөө маш их яарсан, догдолсон сэтгэл надад бий. Кино зохиолоо энэ өвөлдөө багтаан дуусгаж, хэрэв боломж бүрдэж, хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдэж чадвал ирэх хавартаа ажил хэрэг болгож дуусгах чин хүсэлтэй байгаа. Миний зүгээс хамтарч ажиллахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэхийг хүсэж байна.
-Та зохиолоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлын талаар гэлээ. Танд эдгээр зүйлийг л засаж сайжруулахгүй бол болохгүй нь гэж бодогддог зүйлээсээ хуваалцана уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй олон асуудлын дундаас би хууль, эрх зүйн тодорхой санкцтай холбоотой нэг бүлэг асуудлыг онцлон авч кино зохиолдоо тусгасан. Хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт өөрөө олон хэлбэртэй. Суурь шалтгаан нь хүртэл харилцан адилгүй, төрөлхийн эсэх, осол гэмтлээс үүдсэн эсэх, туулж өнгөрүүлсэн цаг хугацаа гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн гэх ерөнхий нэршлээр бүх хүнийг төлөөлүүлэн ярих боломжгүй юм.
Гэвч хууль тогтоомжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд тодорхой дутагдал ажиглагддаг. Ялангуяа амьдралын анхдагч хэрэгцээг хангахтай холбоотой заалтуудад энгийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёрын байр суурийг хэт ялгаж, ангилж өгсөн нь анзаарагддаг. Үүнийг илүү боломжит, бодит нөхцөлд ойртуулж, түвшинг нь адилтган авч үзэх, олон талын нөхцөл шалтгааныг харгалзан үзэх шаардлага бий.
Хуульд хамгийн эмзэг байдлаар хөндөгдөж буй ноцтой асуудлын нэг нь үр хүүхэдтэй болох эрхтэй холбоотой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь бие махбодын бэртэл, гэмтлийн түвшнээс шалтгаалан өөрийн үр удмаа физиологийн хувьд залгуулах боломжгүй тохиолдол байдаг. Гэвч өөрийн гэсэн үр хүүхэдтэй болох, эцэг эхийн аз жаргалыг мэдрэх хүсэл нь хүний анхдагч хэрэгцээ мөн. Энэ асуудалд Монгол Улсын хууль тогтоомж зарим талаар хүний эрхийн мэдрэмжгүй хандсан заалтуудтай санагддаг.
Манай улсын хууль хүнийг чадамжаар нь бус, гадаад үзэмж, оноосон хувь хэмжээгээр нь шууд үнэлэх хандлагатай байдаг. Үүнийг эргэж харж, засаж сайжруулах зайлшгүй шаардлага бий. Жишээлбэл, өөрийн физиологийн чадамжаар үр хүүхэдтэй болох боломжгүй тохиолдолд хүүхэд өргөж авах эрх зүйн боломж бий ч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар энэ үйл явц хэт хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өндөр тогтоогдсон ч оюун ухаан саруул, амьдралаа бие даан авч явах бүрэн чадамжтай хүмүүс олон бий. Гэтэл эдгээр бодит нөхцөлийг харгалзахгүйгээр суурь түвшин тогтоож, ерөнхий дүгнэлт хийснээр хүний эрх, хүний мэдрэмжид сөргөөр нөлөөлөх заалтууд үүсч байна.
Би энэ бүхнийг өөрийн амьдралаар туулж, биеэр мэдэрч яваа хүний хувьд ярьж байна. Нэг талаас тодорхой хэмжээний хөдөлмөрийн чадвар алдалт тогтоож, нөгөө талаас та гэр бүлгүй тул боломжгүй гэх мэт дүгнэлтүүдийг гаргадаг. Гэтэл бодит амьдрал дээр хүн зөвхөн эрүүл мэндээрээ бус, сэтгэлзүйн хувьд ч ганцаараа байх уу, хамтдаа амьдрах уу гэдгээ сонгох эрхтэй. Энэ үнэлэмжийг илүү нарийн, хүн төвтэй байдлаар авч үзэх хэрэгтэй.
Хуульд хүний эрхийн мэдрэмжийн үүднээс анхаарч, бодит шийдэл гаргаж чадвал цаашдаа олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрах боломжтой
-Таны оюутны дөрвөн жилийн хугацаа хэрхэн өнгөрсөн бэ?
-Зураг зурахаас гадна тайз, дэлгэцийн урлагт их дуртай, утга зохиол, өгүүлэх урлагт татагдсан хүүхэд байсан. Одоо эргээд санахад Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч байхдаа хичээлээ, хийх ёстой зүйлсээ хийчихээд л баруун жигүүрт байрлах театр, урлагийн сургуулийн танхимууд руу орж гэртээ харихгүйгээр тэндхийн оюутнуудын жүжиглэх бэлтгэл, тэр уур амьсгалыг сонирхон ажиглаж суудаг байжээ. Тэр орчин, тэр мэдрэмж надад үнэхээр сонирхолтой татах хүчтэй санагддаг байсан болохоор тэнд их хоргоддог байлаа.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өдөр бүр өөр өөр хэмнэлтэй өнгөрдөг. Зарим өдөр нь илүү эрчимтэй, зарим нь арай тайван байдаг. Харин сүүлийн үед кино зохиол дээрээ төвлөрч, идэвхтэй ажиллаж байна.
-Саяхан нэг ярилцлага үзэж байхад нэг хүн "би өөртөө байгаа бэрхшээлийг хүлээн зөвшөөрөх болсон" гэж ярьж байсан.
-Миний хувьд байгаа бэрхшээл маань төрсөн цагаас минь эхлэлтэй. Тиймээс өөрт байгаа энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх тал дээр харьцангуй гайгүй явж ирсэн. Ухаан орсон цагаасаа л энэ бэрхшээлийг мэдэрч, ойлгож ирсэн болохоор асуудлаа хүлээн зөвшөөрсөн байдал нэг өөр. Харин нас биед хүрснийхээ дараа ижил төрлийн бэртэл, гэмтэл авсан хүний хувьд үүнийг хүлээж авах сэтгэлзүйн мэдрэмж огт өөр байдаг. Энэ бол хоорондоо тэс өөр хоёр мэдрэмж юм.
Амьдралын хугацаанд сөрөг мэдрэмж, хүнд үе олон тохиолдож байсан ч түүнийг даван туулах хүчийг би гэр бүл, найз нөхөд, мөн өөрийн дуртай, хайртай зүйлсээсээ авч ирсэн. Дутуу, хоосон мэдрэмжээ уран бүтээл, сонирхлоосоо нөхөж, хэцүү бүхнийг хэсэгхэн ч атугай мартах боломж олддог байлаа. Яг өөрийгөө эдгээж, тэнцвэрээ хадгалж байгаа зүйл маань дуртай, хайртай бүхнээсээ өөрийгөө залж чиглүүлэн явах явдал гэж боддог. Ер нь урлаг, уран сайхан хүний сэтгэлзүйд эергээр нөлөөлдөг шүү дээ.
-Таны дуртай уран зураач хэн бол мөн яагаад дуртай вэ?
-Манай эмээгийн нэг дор өссөн нэг үеэл ах нь байдаг. Тэр хүн бол ардын зураач Дунбүрээ юм. Би Дүрслэх урлагт сурч байх хугацаандаа л түүнтэй ойр төрөл гэдгээ сонсож, мэдэж авсан. Энэ нь миний зорилго, чиглэлд ихээхэн нөлөөлж, бахархах сэтгэл төрүүлэн өөрийгөө уран бүтээлийн хувьд чиглүүлэхэд томоохон түлхэц болсон гэж боддог.
Тэрээр өнгө аясын хувьд тод, гэрэлтэй, илэрхийлэл сайтай хэлбэрээр ажилладаг уран бүтээлч байсан. Үлгэр дуурайл авдаг уран бүтээлчээ нэрлэвэл хамгийн ойрын, хамгийн нөлөөтэй хүн маань яах аргагүй энэ хүн юм. Миний хувьд ч мөн адил тод өнгө, өтгөн будгийн тавилттайгаар ажиллах сонирхолтой байдаг нь түүний уран бүтээлээс авсан нөлөөтэй холбоотой гэж боддог.
-Та бидэнд цаашдын зорилгынхоо талаар хуваалцана уу?
-Тайз, дэлгэцийн бүтээлд өөрийгөө тууштай зориулаад, бүтээлч байдлаа хөгжүүлэх нь миний гол зорилго юм. Ойрын хугацаанд бодож байгаа том зорилго, төлөвлөгөө нь кино зохиолын тал дээр илүү мэргэших, мөн найруулгын чиглэлээр туршлага хуримтлуулан, зөвлөмжийг сонсож, хэрэгжүүлж явах нь юм.