Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.29) буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бадраасан түүхэн өдрөөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. Улмаар 2025 онд ХЗДХ-ийн сайд тушаал гаргаж, бүтэц орон тоог нь албажуулсан байна.
Дэвшилтэт технологид суурилсан удирдлагын нэгдсэн төв нь олон улсын жишигт нийцсэн С5 зэрэглэлийнх юм байна. Уг төвд хилийн бүх боомт болон хилийн хэсгүүдийг холбож, хяналт, удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэхдээ хил хамгаалах салбарын хэмжээнд бие даасан, хаалттай сүлжээний дэд бүтэц байгуулжээ.
Хяналт, удирдлагын тогтолцоо сайжирснаар хил хамгаалах ажлын үр дүнд ч эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал хил дээр гарсан хэрэг зөрчлийг өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд 79 хувиар бууруулжээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдэл, бусад учир шалтгааны улмаас ард иргэдэд учирч болох байсан 13 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан байна.