Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН-ын дарга нар АН-ыг бус нам доторх "сөрөг хүчнээ" тойглож эхэлжээ

МАН-ын дарга нар АН-ыг бус нам доторх "сөрөг хүчнээ" тойглож эхэлжээ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 25
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт 40 орчим гишүүн гарын үсэг зуржээ. Гэхдээ дандаа УИХ дахь АН-ын гишүүд гарын үсэг зураад байгаа аж. УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих боломжтой болно. Харин 50+1 буюу 64 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд огцорно.
Гэхдээ энэ удаад АН-ын дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг унагааж чадахгүй гэдэг "бор шувуу" Төрийн ордонд нисэх болж. Хэдийгээр АН-ыхан дээр МАН-ын гомдогсод буюу УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талын 30 гишүүн нэмэгдвэл Засгийн газрыг унагана. Тиймээс О.Цогтгэрэл гишүүнийг гарын үсэг цуглуулж эхэлсний дараа буюу энэ 7 хоногийн эхээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Төрийн ордноор явж АН-ынхантай уулзалт хийжээ. Харин АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах байр суурь дээрээ бат зогсоно гэдгээ илэрхийлсэн учраас АН-ынхныг бус УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талынхныг "тойглож" эхэлсэн гэнэ. Хэрвээ тэд АН-ынхантай нэгдчихвэл О.Цогтгэрэл гишүүний цуглуулж буй гарын үсэг тоглоом биш болно. Тиймээс МАН-ын дарга нар АН-ынхныг бус нам доторх "сөрөг хүчнээ" тойглож, аргадаж эхэлжээ.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талынхны хамгийн том албан тушаалтай байгаа нь УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ. Тиймээс дэд дарга Ж.Бат-Эрдэнэ дээр зангидагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.
АН-ын дарга О.Цогтгэрэл энэ баасан гарагт юм уу, ирэх 7 хоногийн даваа гарагт Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ УИХ-д өргөн барьчихвал 10 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Тиймээс МАН-ын удирдлагууд намын нөхдөө тойглож, уулзалт хийгээд тун завгүй байгаа бололтой.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн