Шинэ оны ажлын эхний өдрөөс хэрэгжих хууль, тогтоол, шийдвэрийг танилцуулж байна.
Багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ
Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг Төсвийн тухай хуульд зааснаар 50 хувиар нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан. 2026 оны долоодугаар сарын 1-ээс дахин нэмэгдүүлэхээр 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй билээ.
Мөн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг тусгасан.
Эмч нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ
2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмснээр одоогийн 1.1 сая төгрөгийн үндсэн цалин хоёр сая 40 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Түүнчлэн, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг ирэх нэгдүгээр сарын 1-нээс 1.9 сая төгрөг болгоно. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж гурван сая төгрөгт хүргэнэ.
Алба хаагч нас барвал 36 сарын тэтгэмжийг нас барсан ч ар гэрт нь нөхөн олгоно
Төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд тэдгээр иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалт 2026 оноос хэрэгжинэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан.
Ахмад настны болон НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэвэр80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.
Энэ хүрээнд ахмад насны тэтгэвэрийг ирэх оны нэгдүгээр сараас тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх юм. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээж байв. Засгийн газар 2025 оны отгон хуралдаанаараа 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталсан юм. Тодруулбал, НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Эл Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.
Хиймэл оюу ухаан ашиглан автомашины торгууль ногдуулна
Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. 2024, 2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Өнөөдрийг хүртэл зөрчил гаргасан жолооч нарт мессеж илгээж, сануулах арга хэмжээг авч байсан. Тэгвэл 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авна гэсэн үг. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.
Онцгой байдлын албан хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмнэ
Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан байна.
Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж, мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.
16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулна
Мөн Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг бодитой болгох алхам гэж үзэж байна. Энэ хүрээнд Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм.
Засгийн газрын 2025 оны 65 дугаар тогтоол "Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр" https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432860571372