Засгийн газраас төрийн өмчийн компаниудыг хувьчлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барин хэлэлцүүлж байгаа. 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан.
Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН нүүрсний хулгайн мөнгөө цэвэршүүлэхийн тулд төрийн өмчийн компаниудыг хувьчилж, худалдан авах гэж гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэрээр "Өнгөрсөн хугацаанд Ардын намын хулгай зэлгийг болиулахын төлөө үхтэлээ зүтгэлээ. Энэ хугацаанд асар их хулгай хийлээ. Та нарын хийсэн хулгай ч мөн ч ихдээ. Тэр болгоноосоо асар их мөнгө олсон. Нүүрсний хулгайн мөнгөө яаж цэвэршүүлэх вэ гэдэг ийм л юм явж байгаа.
Би ганцхан тоо хэлье. Ховд аймагт 83 аж ахуй нэгж хувьчлагдсанаас 79-ийг нь тухайн үеийн МАН –ын хорооны дарга байсан хүмүүс авсан. Өнөөдөр энэ хувьчлал явахад хамгийн ашигтай хэдхэн компани дээр орно гэдэг үнэн. Энэ дээр нэг юм бол ил болно. Нүүрсний хулгайн мөнгө албан ёсны хөрөнгө болж хувирна. Энэ бүх зүйлийг сая Г.Очирбат гишүүний хэлсэнчлэн асуудалд ул суурьтай хандаж шийдэхгүй бол хуудуутай орж ирж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга компаниудынхаа талаар мэдлэгтэй байгаа. Гэхдээ та зөв зүйл бодож байгаа ч дундуур нь сиймхийгээр нь ашигладаг таны олон дарга байгаа. Тэд нар энийг ашиглаж хулгайн мөнгөө албан ёсны болгох ажлыг хийх гэж байна. Хяналтын багцийг нь өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Ямар ч үнээр хамаагүй хөрөнгөө албан ёсны болгох гэж байгаа. Есөн жилийн турш энэ төрд засаг барьж, хулгай хийснээ албан ёсны болгох гэсэн хүмүүсийн хүсээд байгаа зүйл болж хувирна шүү. Ямар ч үнээр хамаагүй өнгөрсөн 9 жилийн хугацаанд хулгай хийсэн мөнгөнүүдээ албан ёсны болгоно шүү" гэсэн юм.